Метрополис хотын тоонд багтсан Улаанбаатар хотын хүн ам 2030 он гэхэд нэг сая 760 мянга болж нэмэгдэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд ярьж байна. Үүнийгээ дагаад нэг км хүртэлх зайнд нягтарших хэмжээ нь 3.1 дахин болж өсөх хандлагатай байгаа аж. Тэр ч утгаараа метротой болохыг цаг үе шаардаж байна. Метро ашигладаг Азийн хотуудын ДНБ-ний хэмжээ манай улсаас хол зөрүүтэй байдаггүй гэнэ. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2020 онд одоогийнхоос хэд дахин нэмэгдэх төлөв гарсан. Хот төлөвлөлтийн хүрээнд нийтийн тээврийн асуудлаа шийдсэн Япон улсын мэргэжилтнүүд манайд туршлагаасаа хуваалцаж метро байгуулахад гар бие оролцон ажиллаж байна. Япон орны хувьд нэг саяас дээш хүн амтай хотуудад метро ашигладаг. Хэрвээ метротой болвол 2030 онд оргил ачааллын цагаар нэг талдаа 18 мянган зорчигч зорчих тооцоо бий. Метро нь автобуснаас ойролцоогоор тав дахин их буюу цагт 20 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Японоос ирж ажиллаж буй судалгааны багийнхан “Судалгааны ажил явагдаж дууссан. Бүтээн байгуулалтад нь долоон жил зарцуулна. 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болно” хэмээн өчигдөр мэдэгдлээ. Энэ асуудлыг нийслэлийн удирлагын зөвлөлийн хурлаар ч батлав. Метротой болох асуудал саяхныг хүртэл нийслэлчүүдийн хувьд мөрөөдөл байсан. Харин одоо метротой болох ажил нэг шатаар ахиж байна. Төлөвлөгөө
Төлөвлөж байгаагаар “Улаанбаатар” метро Энхтайваны өргөн чөлөө буюу Толгойтоос Амгалангийн өртөө хүртэлх 14 өртөө бүхий 18 км урт замд үйлчлэх аж. Метроны замыг Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын хоорондын 6.6 километр зайд газар доогуур, Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэлх 4.9 километр, Баруун дөрвөн замаас Толгойт хүртэлх 6.2 километр урт зайд гүүрэн буюу өргөгдсөн хэлбэрээр барих гэнэ. Метроны барилга угсралтыг газрын гүнд барилгын ажлыг нээлттэй ухах, өрөмдөгч машинаар ухах гэсэн хоёр аргаар гүйцэтгэдэг байна. Газрын гүнд барилгын ажлыг нээлттэй ухах аргаар метрог барих нь өртөг өндрөөс гадна Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнд саад учруулах тул энэ арга нь манай нийслэлийн хувьд тохиромжгүй гэж үзжээ. Харин газар доогуур өрөмдөгч машинаар ухах нь автозамын зорчих хэсэгт төвөг учруулахгүй, улирал харгалзахгүй барилгын ажлыг хийх бололцоотой тул төсөл санаачлагчид энэ аргыг илүүд үзжээ. Хотын төвд газар чөлөөлөх ажил аль болохгүй хийхгүй байх мөн барилгын ажлын үеэр түгжрэл, дуу чимээ зэрэг орчны нөлөөллөөс зайлсхийхийн тулд газар доогуур үйл ажиллагаагаа явуулахыг сонгосон байна. Судалгаанаас үзэхэд метрогоор зорчигчдын тоо 2020 онд өдөрт ойролцоогоор 300 мянган хүн 2040 онд 500 мянган хүн зорчино гэж тооцож байна.
Та түгжирч зогсох шаардлагагүй Хотын баруун хэсэг буюу Саппорогийн тойрог орчмын зогсоол нь Улаанбаатар метроны хамгийн ачаалал ихтэй хэсэг байх тооцоотой байна. Толгойт болон Амгалан өртөөг холбосон 18 км замд нэг талдаа ойролцоогоор 40 минут явах төлөвтэй байгаа бөгөөд метро 5 минутын зайтай тогтмол цагт үйлчлэх учраас ачаалал бага үүсэх аж.
Хэзээ ашиглалтад орох вэ?
Төслийн нэгдүгээр үе шатыг шийдвэрлэсний дараа зураг төсөл барилга угсралт, хөрөнгө оруулалтын судалгаа, хүний нөөцийн ажил явуулах шаардлагтай бөгөөд үүнд хамгийн багадаа 6 жил зарцуулах аж. Үүнээс хойш бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд 2020 оны дунд үед ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Метро барих хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Анхны хөрөнгө оруулалт буюу тунель, гүүр, өртөө зэрэг барилга, дэд бүтцийн зардалд 1.2 тэрбум ам.доллар, вагон болон бусад техник төхөөрөмжид зарцуулах 0.3 тэрбум ам.доллар, нийт 1.5 тэрбум ам.долларын зардал шаардагдах тооцоотой байгаа аж. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тасалбарын орлого, олон төрлийн албан татвар хийгээд Япон улсаас зээл авах зэргээр бүрдүүлэх юм байна.
Метротой болох төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлого боловсруулалт зэрэг Монголын тал өнгөрсөн оноос хийж эхлээд байгаа бөгөөд 2016 оноос эхлэн метроны нэгдүгээр үеийн барилга угсралтын их бүтээн байгуулалт өрнөж эхэлнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Ийнхүү нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар метро” төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (4)