
Тус наадмыг УДЭТ, “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв”, "Гэгээн муза" академиас зохион байгуулаад арван жилийн нүүр үзэж буй ч зохион байгуулалтын хувьд туршлагажиж, ахиж дэвшсэнгүй.
Энэ жил "Гэгээн муза"-г сурталчлахын тулд хэвлэлийнхэн зохион байгуулагчдад 5000 төгрөг төлж мандат авах эрхтэй болж байна. Уг нь "Гэгээн муза"-г хэдэн сэтгүүлч л урд хойгуур нь гүйж сурталчилсаны үр дүнд л нэр нь өндөр авсан гэдгийг зохион байгуулагчид умартсан бололтой. Нэрээ өсгөсөний дараа нэргэв гэгч л энэ байх. Үүгээр ч тогтохгүй тэд өнөөх үнэд хүргэсэн мандатаа өгөх гэж гурван өдөр дамнуулан сэтгүүлчдийг буцааж хөлийг нь гарздав. "Мандатаа хэвлээгүй байна" гэх шалтгаанаар нэг удаа буцаасан бол нөгөө хоёр өдөр нь "гадуур ажилтай явна" гэх шалтаг гаргах нь тэр. Үнэхээр энэ шалтаг түмэн завгүй гүйдэг сэтгүүлчдийг эгдүүцүүлэв. Үнэндээ өнөө орой болох "Гэгээн муза" наадмын мандатыг цүнхэлж яваа зохион байгуулагчийг сэтгүүлчид хаанаас олохоо мэдэхгүй сууна. Утсаар нь холбогдож яаж авах вэ гэхэд учир зүггүй загнах зохион байгуулагчийн ааш авир үнэхээр биш юм аа. Дээд чанарын наадам л юм бол аль хэдийнэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хаягаар нь мандаатаа тараачихсан байх ёстой. Гэтэл тэд олон нийтэд хүргэх ажлыг хийх сэтгүүлчдийг үл хүндэлж байгаа нь сонин. Энэ асуудал жижиг ч гэсэн "Гэгээн муза"-н зохион байгуулалт хэр байгааг илэрхийллээ.
Сэтгэгдэл (4)