Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй болон хэл ярианы гэм согогтой хүүхдүүдийнхээ авьяасыг нь нээн хөгжүүлэх замаар хэл ярианы согог, танин мэдэхүйг нь хөгжүүлж байна. Хүүхэд бүхэнд өөрөө өөртөө, ирээдүйдээ итгэх итгэлийг нь төлөвшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох нь өнөөгийн боловсролын хамгийн тулгамдсан асуудал юм. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүүхдүүдэд өөрийнхөө боломжийг нээх, хөгжүүлэх хэрэгцээ үүсч байгаа. Тиймээс 70-р сургуулийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэх үйл болон хэл яриаг засан сайжруулах, суралцагчдын тусгай хэрэгцээг хангаж, нийгмийн амьдралд оролцох тэгш боломжтой болгох хэрэгтэй гэж үзжээ. Салбарын яамнаас нь хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөр зөвхөн дуучин, бүжигчин, тамирчин бэлтгэхдээ гол биш хүүхдийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх зөв ажил. Эдгээр хүүхдүүдийнхээ авьяасыг нь нээж, улмаар сонирхлыг нь хөгжүүлсэнээр оюун ухаан, хэл яриаг нь сайжруулж болох юм гэдийг судалгаагаар нотолсон хэмээн сургуулийн нийгмийн ажилтан З.Гэрэлмаа хэлсэн юм. Одоогоор сургууль дээрээ математик, гимнастик, даам, шатар, хөгжимийн дугуйлан ажиллуулж, анги бүрээс авьяас, сонирхлынх нь дагуу элсүүлэн сургаж байна.
Үүний үр дүнд сурагчдын хэл ярианы согог засарч, сайжирна. Сонсох, унших, илэрхийлэх буюу ярих, бичих чадвар нь хөгжсөнөөр бусадтай ойлголцож хамтран ажиллах болмжтой болох юм байна. Эдгээр дугуйланг тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлийн согог зүйч багш удирдан явуулдаг. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувийн онцлог, хэрэгцээг хангахуйц тусгай сэтгэл зүйн зарчмыг баримтлан ажилладаг байна.




















































