зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхбаяр: Улаанбадрахын асуудал улс төр, бизнесээс хальж олон улсын анхаарлыг татлаа

2013-4-11
0
ЖИРГЭХ
Цөмийн хор хөнөөлийн асуудлаар Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
жаааахан    Цөмийн хор хөнөөлийн асуудлаар Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн зохицуулагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-Монголд цөмийн хаягдлыг булшлах талаар нэг хэсэг ярьж байгаад нам гүм боллоо. Энэ асуудал юу болж дууссан бэ?


-Монголд цөмийн хаягдал булшлах асуудал 1990-ээд оноос их, бага хэмжээгээр яригдаж ирсэн. Фукушимагийн ослын дараа цөмийн асуудал хүмүүсийн анхаарлыг их татсан. Үүнээс үүдэн, Монголд цөмийн хаягдал хаях гэж байна гэсэн асуудал илчлэгдэн гарч ирсэн. 2011 оноос цөмийн хөнөөлийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн их өрнөсөн. Миний хувьд урьд нь цөмийн эсрэг нийтлэл бичиж нийтлүүлдэг байснаа 2011 оны дөрөвдүгээр сараас жагсаал цуглаан гэх мэт идэвхтэй ажилд хамрагдан оролцож ирлээ. 2011 онд цөмийн хаягдал булшлах олон улсын гэрээ хэлэлцээр хийгдсэн байна гэсэн асуудал их яригдсан. Үүнд АНУ-ын Цөмийн Эрчим хүчний албаны захирал  Ричард Стратфорд, Япон Улсын гадаад хэргийн сайд Мацумото, тэргүүн дэд сайд Такахаши, Монголын Цөмийн энергийн газрын дарга асан Д.Энхбат зэрэг албан тушаалтан, гадаад дотоод хэвлэлүүд яриа тохироо байсан гэж баталсан. Ер нь цөмийн хаягдал булшлах асуудлыг янз бүрийн нэр томъёогоор дамжуулж бичиг баримтад тусгасан байдаг. Яг манайд цөмийн хаягдлыг булшилна гэсэн баримт бичиг олдоход бэрх. Тэгсэн мөртлөө Монголын цөмийн санаачлагыг дэмжин ажиллана гэсэн баримт бичиг байдаг. Монголын цөмийн санаачлагыг дэмжин ажиллана гэдгийн цаана цөмийн хаягдлыг булшилна гэсэн асуудал байж байдаг. Булшлах нь бас, дэлхийн цөмийн хөнөөлийг багасгах гэсэн нэр томъёогоор байж байх жишээний. Цөмийн хөнөөлийг багасгах нь яагаад цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудал болчихдог юм гэхээр дэлхий даяар цөмийн хаягдлыг байлгах газар байхгүй болсон, нэг дор төвлөрүүлж байлгавал аюул эрсдэл багатай гэж яригдах болсон. Зарим оронд галт тэргэнд ачаад улсаа тойроод байнга явж байна. Тус хаягдлыг хадгалах эрсдэлгүй технологи байхгүй. Олон улсын атомын энергийн агентлаг гэж том байгууллага байдаг. Манайхан тус байгууллагыг МАГАТЭ гэж оросоор хэлж хэвшсэн байдаг. Дэлхийн томоохон хүчирхэг орнууд МАГАТЭ-г санхүүжүүлдэг.

-Цөмийн хаягдлыг устгах ямар ч арга байхгүй гэж үү?


-Дэлхийн том гүрнүүдийн шахалтаар МАГАТЭ нэгэн гарц маягийн юм гаргасан. Тэр нь цөмийн хаягдлыг ганц хоёр оронд төвлөрүүлчихвэл амар юм байна. Хэрвээ зөвшөөрөх улс олдвол тэр оронд булшилчихья гэсэн санааг гаргасан. Тэд үүнийгээ “Цөмийн хаягдлыг олон газар булшилвал илүү өргөн хүрээнд аюул учирна. Тэр тусмаа хүн ам, хотжил ихтэй орнуудад төвлөрүүлэх нь бүр их аюултай. Мөн олон газар булшилвал террористуудын гарт орох аюултай” гэж тайлбарласан. Цөмийн хаягдал гэдэг нь атомын цахилгаан станцын ураны түлшний задралын явцад үүссэн бүтээгдэхүүн юм, үүнээс одоогоор плутони гаргаж авах нь л дөхөмтэй байгаа. Хирошима хотод ураны бөмбөг, Нагасаки хотод плутонийн бөмбөг хаясан байдаг. Тэгэхэд Нагасакид илүү их хохирол учирсан байдаг. Үүнээс үүдэн плутониор бөмбөг хийдэг болсон. Атомын цахилгаан станцын ашигласан түлш буюу плутоний түүхий эд нь олон газар байрлавал цөмийн их аюултай, мөн террористуудын гарт орох аюултай гэгддэг. Тэгэхээр цөмийн хор хөнөөлөөс дэлхийг аврахын тулд хүн ам багатай, байгалийн нөхцөл байдал нь тогтвортой улс оронд байршуулах нь зөв гэж байгаа юм. Түүнийгээ дэлхий даяар цөмийн хөнөөлийг багасгах гэж томъёолсон. Дэлхийн цөмийн хаягдлыг төвлөрүүлэн булшлах саналыг авлигач төртэй бурангуй орнуудад тавьсан байгаа юм. Тэгэхэд нь манай төрийнхэн болон цөмийн мэргэжилтнүүд МАГАТЭ-ийн энэ ажлыг булааж аван хийж эхэлсэн юм. Монголын төрийн томчууд “Энэ их зүйтэй. Монголын төр энэ мэргэн санааг тань дэмжиж байна” гээд л явчихсан. Тэгэхэд нь МАГАТЭ-гийхан баярлана биз дээ. Ийм их нүгэлтэй, хэрэгт унаж болох асуудлыг Монголын төр биднээс булааж авч хийж байна хэмээн МАГАТЭ олзуурхан дэмжсэн байгаа юм.
Харин 2011 онд цөмийн эсрэг тэмцэгчид идэвхи зүтгэлтэй тэмцсэний үр дүнд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамтын зарлигийг гаргуулж чадсан, өөр ч ахицууд гарсан. Ингээд цөмийн хаягдлыг булах асуудал идэвхигүй байдалд орсон. Цөмийн хаягдлаа аль нэг оронд булах боломж гарсан улсуудын төр засаг тэр мэдээг ард түмэндээ баяртайгаар мэдэгддэг. Тэгэхээр Монголд цөмийн хаягдлыг нууцаар төвлөрүүлэх нь биелүүлэхэд хүнд ажил юм. Гэхдээ бага хэмжээгээр нууцаар хийчихье гэсэн асуудал явагдаж л байгаа байх.

-Бага хэмжээгээр нууцаар хийчих байх гэсэн хардлага байгаа юм байна. Яагаад ингэж хардах болов?

-Уран олборлож шар нунтаг үйлдвэрлэхэд олон хаягдал гардаг. Түүнийг тусгайлан булж устган, нөхөн сэргээх ажил хийлээ гэхэд цөмийн хаягдал булшлах байгууламжийн хэлбэр гарч ирж байгаа юм. Тэгэхээр тэр ажил маш их хаалттай. Бас гадаадын компаниудаар гүйцэтгүүлнэ. Хаалттай, нууц, хүн ойртож болдоггүй, цөмийн хаягдал булшилж байгаа нь нууцаар цөмийн хаягдал оруулж ирэх бизнес эрхлэх бүрэн бололцоо бүрдэнэ гэсэн үг. Үүнийг яагаад манай олигархууд ашиглахгүй гэж.

-Цөмийн хаягдал булшлах бизнесээс хэдий хэр хэмжээний ашиг олж болох бол?

-Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол үсрэнгүй хөгжиж, хүн ардын амьдрал дээшилнэ гэж ярьдаг. Гэтэл улс орны тулгуур суурь салбарууд нь нөлөөгөөр нь хөгжихгүй байна. Ард түмний амьдрал сайжрах биш улам л доройтсоор байна. Үүнтэй л адил зүйл болно. Цөмийн хаягдлыг булшлах ажлыг монголчууд хийхгүй. Бүх ажлыг гадаадын компаниуд хийнэ. Тэгээд л “Тэдэн хувийн ашгийг тэгж ингэж 20 мянган хувьсагчтай томъёоны дагуу бид хүртэнэ” гэсэн үлгэрээ ярьж эхэлнэ. "Цөмийн ажлын хувиас манайхан авбал өртэй л үлдэнэ. Манайх хувь эзэмшээд хэрэггүй. Гадныханд 100 хувь өгчих хэрэгтэй. Ашиггүй шүү дээ. Тэгэхээр гадныханд 100 хувь өгчихөөд ашгаас нь бид 70 хувийг авъя" гэж дарга нар ярих болно. Ашиггүй гэсэн юмныхаа ашгаас нь 70 хувь авна гэдэг үлгэр яриад суудаг. Тэр ярьж буй зүйлийг нь амьдралдаа түүртсэн ард түмэн анхаардаггүй.
Нэг кг, атомын цахилгаан станцын ашигласан түлшийг булахад 500 ам.доллар авах бололцоотой гэж уншсан. Түүнээс ч илүүг авах бололцоотой байдаг шиг. Манай дарга нар бол тэр ашгийг авахгүй, нэг насаараа идэх хоолоо ч юм уу, хүүхдийнхээ гадаадад сургах сургалтын төлбөр эсвэл хаус гэсэн зүйлийг авлигад авдаг, ашгийг гадаадын компаниуд л авна. Манай улс бол ашигт малтмалын баялгаар дэлхийд тэргүүлэх байр суурьтай орон юм. Өнөөдөр Москва дэлхийн хамгийн их тэрбумтан хүн амьдардаг хот болжээ. Орос улс ямар мундаг брэнд үйлдвэрлэж, ямар үйлдвэрлэл хөгжүүлчихээд ийм их тэрбумтантай болчихсон юм? Дэлхийг байлдан дагуулсан брэнд, үйлдвэрлэл байхгүй шүү дээ. Чухам яагаад ийм олон тэрбумтантай болсон бэ гэхээр тэд ашиг малтмалаа харьцангуй эрүүлээр эзэмшдэг, гадныханд авлигаар бэлэглэдэггүй юм. Тиймээс ашигт малтмал олборлолтын компанийн томчууд нь бүгд тэрбумтан болсон байгаа юм. Гэтэл Монголд тэрбумтан төрөхгүй байгаагийн учир нь манай олигархууд ажил хийдэггүй. Хөрөнгө босгож, уурхай ажиллуулж, үр дүнг тодорхой хугацааны дараа хүлээж авах тэвчээртэй хүн бараг байдаггүй. Хүч хөдөлмөр зарж ашиг олох хүсэлтэй хүн манай дарга нар дунд байхгүй. "Өнөөдөр би авлигаар хэдэн төгрөг авч болох юм чинь биеэ зовоож яах юм” гэж үздэг. Гадаадын цөмийн хаягдлыг булшлагч компани нь манай дарга нарт авлигаа өгчихөөд л, бүх ашгийг нь хамж авна. Ингээд л цөмийн хаягдал булшилснаар эдийн засгийн үр ашиг манай улсад гарахгүй. Компаниуд булшлах ажлаа гүйцэтгэчихсэн учраас хэдэн жилийн дараа манай улсаас гарч явна. Гэтэл гарах үр дагаврыг нь манай төр хариуцна. Тэгэхээр нэг кг ураныг хадгалахад зарцуулах төрийн зардал нь нөгөө 500 доллараас их болдог, асар их болно, тэр бол мөнхийн асуудал. Булшилдаг компани нь булшилчихаад л явна. Дараа нь гарах үр дагаврыг Монголын төр хариуцах юм. Хуулинд тэгж заасан байгаа. Бага зэргийн асуудлыг компани хариуцна, их хэмжээний асуудлыг төр даана гээд хуульд заачихсан байгаа. Цөмийн хаягдлыг булшлах нь Монголын орны эдийн засгийг сүйрэлд оруулж болох үр дагавартай.

-Цөмийн энергийн аюулгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хууль эрхзүйн талаас ямар зохицуулалт хийх ёстой вэ?

-Би нөхдийн хамтаар хууль эрхзүйн зохицуулалтыг судлан үзэхэд цөмийн хөнөөлтэй бүх зүйлийг Монголд оруулж ирж болно гэсэн заалт байдаг. Аюулгүй байдал талаас нь анхаарсан зүйл байдаггүй. Хамгийн хор хөнөөлтэй зүйлүүд нь цөмийн хаягдал, атомын цахилгаан станц байгуулах явдал, ураны олборлолт-үйлдвэрлэл гурав юм. Эдгээр болон бусад цөмийн хөнөөлтэй бүх зүйлийг бүгдийг нь Монголд байгуул гэж бичиг баримтад тусгажээ. Одоо эдгээрээс хүчингүй болсон нэг ч зүйл байхгүй. Үүнийг хэрэгжүүлэх нь хууль ёсны ажил, эсэргүүцэх нь хууль бус үйлдэл болно гэж ойлгогдохоор хуульд заасан байдаг. Цөмийн хөнөөлын эсрэг тэмцэж байгаа хүмүүс нь хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдэж байгаа мэт төрд харагдаж байгаа юм. Цөмийн эсрэг тэмцэгчид цөмийн энергийн хуулийг өөрчлөх талаар саналуудаа боловсруулж өгсөн байгаа. Ж.Батзандан тэргүүтэй УИХ-ын цөмийн эсрэг албан бус бүлэг байдаг. Энэ хүмүүстэй ч хамтран ажиллаж байна. Зөвхөн хар бараан ирээдүй, түгшүүр байгаа юм биш. Нэг үеэ бодвол цөмийн хаягдал булшлахыг хаа хамаагүй, ил чөлөөтэй сурталчилж ярьдаг асуудал багассан байна. Мөн төрийн өндөрлөгүүд цөмийн хаягдлыг булшлахгүй зарим цөмийн хөнөөлтэй асуудлыг хэрэгжүүлэхгүй, ард түмнээс асууж байж шийднэ гэх зэргээр мэдэгдсэн. Энэ мэт ахиц гарсан байна. Цөмийн хөнөөлтэй асуудлыг зогсооё гэсэн улс төрчид гарч ирэн бидэнтэй хамтран ажиллаж байна гэдэг нь ахиц юм. Цөмийн эсрэг тэмцлийн үр дүн юм. Цөмийн хууль эрхзүйн зохицуулалт хийнэ гэхээсээ илүү, тийм хууль эрхзүйг байхгүй болгох нь чухал байна. Цөмийн хяналтын л дүрэм журам байхад хангалттай гэж болно. Эсвэл цөмийн эсрэг хууль эрхзүй хэрэгтэй гэж болно.

-Монголын цөмийн тухай хууль тогтоомж байгаль орчны хууль тогтоомжтой хэр уялддаг вэ?

-Манай дарга нар өөрийн зорилгоо хуульчлахаас бус, бусад хуультай уялдаж, зөрчилдөж байгаа эсэх асуудлыг огт боддоггүй. Манай орны хуулиуд бүгд хоорондоо зөрчилтэй. Тэгэхээр цөмийн үйл ажиллагаануудыг байгаль хамгаалах хууль тогтоомжоор унагаж болохоор байдаг. Цөмийн хууль тогтоомж нь хоорондоо, дотроо зөрчилтэй.
    -Дэлхий нийт цөмийн хор хөнөөлөөс татгалзаад эхэллээ. Цөмийн хаягдлын хор уршигийг тодорхой хэлж өгнө үү?
    -Дэлхий дээр цөмийн хаягдлыг булшлах аюулгүй технологи байхгүй. Цөмийн хаягдлын гай гамшгийг хангалтгүй мэдэж байсан, мөн цөмийн эсрэг тэмцэл сул байсан үед далай руу хаячихдаг байсан юм байна лээ. Тэр нь асар их хортой үр дагаврыг авчирдаг. АНУ цөмийн хаягдал булшлах асар том байгууламжаа найдвартай гэж байсан. Гэтэл тэр байгууламжаас нь цөмийн хаягдал гадагш алдагдаад байгаа. Финланд улсын хойд туйлын эзгүй газарт, 500 метрийн гүнтэй шоргоолжны үүр ээдрээтэй, сүлжээтэй байгууламж барья гэсэн уран зөгнөлт зохиолд гарахаар шахуу зүйл ярьж байсан. Энэ нь бас л найдвартай хамгаалж чадахгүй гэсэн маргаан үүсгээд байна. Манай дарга нар “АЦС-ийн ашигласан түлш чинь цөмийн хаягдал биш. Асар үнэтэй цөмийн баялаг байна. Тэгэхээр манай улс булшлах хөлс мөнгө аваад, дээрээс нь бас эрдэнэс баялагтай болчихож байна” гэсэн тайлбар хийдэг. Гэтэл өнөө цагт тэр хаягдлаас гаргаж авах болох гол бүтээгдэхүүн плутоныг атомын бөмбөгнөөс өөр юунд ашиглахаа мэдэхгүй байна. Дахин боловсруулна гэдэг нь атомын бөмбөг хийнэ гэсэн үг болчихоод байгаа. Оросууд атомын салбараасаа гарсан хаягдлыг боловсруулж, өөр зүйлд ашиглаж болох түүхий эд болгохоор Челябинск-40 гэдэг хаалттай хотдоо Маяк гэсэн үйлдвэрт үйл ажиллагаа эхлүүлсэн. Гэтэл 1957 онд аймшигт осол гарсан, урьд үүнийг нууцалдаг байсан, одоо бол 9-р сарын 29-нд цөмийн эсрэг тэмцэх дэлхий нийтийн өдөр болоод байна. АНУ цөмийн хаягдал боловсруулна, ахиж ашиглана гэдэг нь аюултай, алдагдалтай ажил байна гээд 1997 онд тийм ажил хийхээ больсон. Ийм үхэл мөхлийн хаягдлыг манай дарга нар баялагтай болох гэж байна гэж сурталчлаад байдаг.
Дэлхийд энергийн эх үүсвэрийн дутагдалтай орон байдаг юм байна. Энэтхэг гэхэд энергийн эх үүсвэр хангалттай орон биш. Энергийн хэрэгцээ нь цаашид их өсөх учраас атомын цахилгаан станцыг байгуулсан байна. Харин манай орон цөмийн энергийн ажил руу орох хэрэггүй юм. Учир нь манай улс 170 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Бараг нүүрсэн дээр оршдог. Ийм их нүүрстэй байж манайх энергийн үүсвэрийн дутагдалд орчихсон юм шиг аашилж болохгүй. Гол нь бүх нүүрсээ дотоодын үнээс хэд дахин хямд үнээр Хятад руу гаргадаг нь буруу. Тэгэхээр манайхан цөмийн хаягдал булшлах, цөмийн энерги ашиглах талаар яриад байх хэрэггүй. Энэтхэг бол асар их хүн амтай. Хүн амынх нь ихэнхи нь ядуу, эрдэс баялаг багатай, гадаадаас энергийн үүсвэр худалдаж авах бололцоо хомс учраас яах ч аргагүй атомын цахилгаан станц руу орсон. Тэгэхдээ энэ нь амиа аргацаасан явдал байгаа юм. Өнөөдөр улс төрчид нь амиа аргацааж ийм юм хийж байгаа болохоос, ирээдүйд атомын цахилгаан станц нь салбараа эдийн засгийн үр ашиггүй болгодог. Учир нь цөмийн хаягдлын менежмент асар өндөр өртөгтэй байдаг. Тэгэхээр ирээдүйд хаягдлын менежментээс их алдагдал хүлээнэ.

-Байгалийн баялгаа дагаад уул уурхай хөгжиж байна гэдэг. Үнэхээр хөгжиж байна гэж бодож байна уу?


-Манай улс хөгжөөгүй байна. Уул уурхайн тэргүүний технологи ч нэвтэрч ирээгүй байна. Бас дандаа хар дансанд орсон гадаадын уул уурхайн компаниуд манайд орж ирэн ажиллаж байна. Рио Тинто компани гэхэд л Бугенвиль гэдэг арал дээр зэсийн олборлолт хийж байсан. Нутгийн ард иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Нутгийнхан дургүйцэж босоход нь эсэргүүцлийг дарах Засгийн газрын бодлогыг Рио Тинто санхүүжүүлсэн. Тэгсэн Бугенвиль арлын хүмүүс “Гадны мөнгөөр иргэдийнхээ эсрэг зэвсэгт ажиллагаа хийж байна. Бид тусгаар улс болно” гэж зэвсэгт тэмцэл өрнүүлсэн. Тэгэхэд зэвсэгт тэмцлийг дарах Засгийн газрын бодлогыг бас Рио Тинто санхүүжүүлэн дэмжсэн. Үр дүнд нь 15 мянган хүн нас барсан. 40 мянган өрх орон байргүй болсон. Энэ мэт иргэний дайн өдөөсөн, энэ асуудал нь шүүх дээр байгаа компани Монголд ирээд ажиллаж байна. Нэр хүндгүй компаниуд хөрөнгө мөнгөний чадвар муутай. Түүнээсээ болоод тэргүүний технологи оруулж ирж чаддаггүй. Жишээ нь тээвэрлэлт байна. Өмнөговь аймагт дээд зэргийн зам тавих юм уу, төмөр зам тавиад экологид хор аюул учруулахгүйгээр тээвэрлэлт хийж чадахгүй байна. Энгийн ачааны тэрэгнүүдээр нүүрс зөөж, байгаль орчин бохирдуулдаг. Нөгөө машинууд нь дугуйгаараа газар ухаад, тэр хуурай суваг шуудуугаараа явж чадахгүй болоод их эвдэрдэг онхолддог, хүний амь нас сүйддэг, тоодог ч үгүй . Манай нүүрсийг бараг үнэгүй авч байгаа болохоор л машинаа өчнөөнөөр нь эвдэж хэмхэлж байсан ч ашиг гардаг байх. Ийм тээвэр гэж байдаггүй юм. Тэргүүний хөгжил дэвшил гэж байдаггүй юм.

-Гурван жилийн дараа Өмнөговь аймаг усгүй болно гэж мэргэжилтнүүд ярьж байна?

-Тийм. Өмнөговь аймаг гадаргын усны нөөц багатай. Тэгэхээр уул уурхайн компаниуд ашиглалтандаа хавь ойрын гүний усыг ховх сорон цөлмөх зүйл хийсэн. Гадаргын усыг ч янз бүрийн байдлаар ашигладаг. Ирээдүйд өмнөговьчууд ямар ч усгүй болох аюултай.

-Ураны хайгуулаас болж Дорноговь аймагт мал бэлчээртээ үхэж, төл мал хэвлийдээ амьгүй болсон гэсэн. Энэ асуудал юу болж дуусав?

-Хүн төрөлхтөн анх ураныг олборлож байхдаа мэдлэггүй туршлагагүй байсан. Манайд яг тийм түвшинд олборлолт хийж байна гэж харагдаад байгаа. Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчидтай хоёр удаа уулзсан. Улаанбадрах сумын орон нутгийн захиргаа болон иргэд нь цөмийн эсрэг үзэлтэй учраас, мөн төрийн байгууллагын шалгалт, ТББ-ын хоёр үзлэгээр янз бүрийн зөрчил илэрсэн учраас тус сумыг хамгийн анхны цөмийн хөнөөлөөс ангижирсан үлгэр жишээ сум болгоё гэж ноднин зун Гал үндэстэн, Anti Nuclear, Stop Nuclear зэрэг цөмийн эсрэг нөхдүүдийн төлөөлөл ярилцан, улмаар цөмийн эсрэг тэмцэгчид энэ чиглэлээр ажиллаж ирсэн. Улаанбадрах суманд Кожегоби, Уран дриллинг, Говьгео, Ордгео зэрэг компаниуд үйл ажиллагаагаагаа явуулдаг. Малчид “Манай нутаг эрүүл байсан” гэж ярьдаг. Малчин Норсүрэн гуай тэнд 50 жил амьдарсан. Тэрээр “Кожегоби компани ажилласнаас хойш байдал доройтсоор байгаад миний 20 бяруу үхчихлээ” гэж ярьж байгаа. Бид Улаанбадрахад том хэмжээний, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт хийгээч гэсэн хүсэлтийг БОНХ-ийн яаманд тавьж, зөвшөөрүүлж байсан.

-Шалгалтаар ямар хариу гарсан бэ?


-Тэр шалгалт нь болоогүй байтал, цацрагийн аюул гарлаа гэсэн шуугианаас болж ажлын хэсэг Улаанбадрахад ажилласан, дүн нь гараагүй байна. Хожим тэр хамтарсан шалгалт хийгдэнэ гэж бодож байна.
Мал эмнэлэгийн байгууллагын дүгнэлт 2 сарын 21-нд цацраг идэвхит бодисын холбогдолгүй гэж гарсан. Харин гуравдугаар сарын 19-нд цацрагийн нөлөө байж болзошгүй тул цаашид нарийвчлан баталгаажуулна гэсэн дүгнэлт гаргажээ. Бас нэг дүгнэлтээр “Хүнд металын хордлого байна. Малын эд эрхтэнд зэс, кадми их хэмжээгээр илэрлээ” гэж байгаа юм. Бас өөр нэг дүгнэлтийг гаргасан гэсэн. Тэр дүгнэлтэнд цацрагийн хордлого гэж бичсэн байсан гэсэн. Би тэр дүгнэлтийг олж хараагүй. Дүгнэлтийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар хэвлэлийн хурал хийж хэлсэн.

-Тэгэхээр аль дүгнэлт нь зөв юм бэ?


-Дөрвөн янзын дүгнэлт гарсан учраас юунаас болсон гэдгийг нь мэдэхэд хүндрэлтэй болсон. Ер нь дөрөв ч биш, дөч ч байж магадгүй юм билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн олон улсын цөмийн эсрэг байгууллагын Д.Алдармаа гэдэг хүн багажаараа тэр нутагт хэмжилт хийсэн. Тэгэхэд цацраг гараагүй. Тэр хүнтэй цуг цөмийн энергийн газрынхан хэмжилт хийхэд орчинд цацрагийн идэвхжилт илрээгүй. Малын байгууллагынхан яг өрөмдлөгийн хаягдал шавранд нь хэмжилт хийхэд цацрагийн идэвхижилт байсан. Гэхдээ орчинд цацрагийн идэвхжилт илрээгүй тохиолдолд “Мал цацрагаар хордоод үхчилээ” гэж дүгнэх аргагүй юм. Норсүрэн гуай “Эрүүл саруул, тарган бяруунууд байсан. Урьд нь өвчний шинжгүй илрээгүй мөртлөө, тухайн өдрөө хөлөө чирж, таталт өгч байгаад үхсэн” гэж ярьж байгаа юм. Үүнийг мал аж ахуйн байгууллагынхан Акобанегийн өвчин байх магадлалтай, гэхдээ тэр өвчнийг бид илрүүлэх боломжгүй гэж байсан байна. Хэрвээ цацрагийн нөлөөнөөс болсон бол янз бүрийн хугацаанд цацрагийн ужиг өвчнүүд, хорт хавдраар үхнэ. Эрүүл мал халуурах, хөлөө чирэх, татах шинж тэмдэг үзүүлээд дороо, олноороо үхэж байна гэдэг нь цацрагийн нөлөө биш юм байна гэж цөмийн эсрэг үзэлтнүүд эхнээсээ үзэж ирсэн. Цөмийн эсрэг үзэлтнүүдийн байр суурь их чухал. Учир нь цөмийн эсрэг үзэлтнүүд цөмийн талаар сонирхон судлаад олон жил болсон байдаг. Гэтэл саяхан Ганбаатар найз маань хэвлэлийн хурал хийгээд “Цацрагийн хордлогоос болсон” гэж хэлсэн. Тэгсний дагуу улс даяар түргэн аваад шалгалт хийхэд цацрагийн хордлого илрээгүй юм байна. Гэхдээ ажлын хэсгийн дүн гараагүй байна. Бидний үзэж хараагүй тэр нэг дүгнэлтэд "цацрагийн хордлого мөн" гэдэг дүгнэлт байгаа юм байна.
Түүнээс болоод ноцтой асуудал үүсч байна. Тагнуулын байгууллага энэ асуудлаар шалгалт хийж байна гэж мэдээлэгдэж байна. Тэнд Францын Кожегоби, Хятадын Доншен компани зэрэгцээд ажиллаж байна. Хятадын Доншен гэдэг компани бичиг баримтын зөрчил ихтэй, ашигласан химийн бодисын жагсаалт нь байдаггүй юм байна. Франц, Хятадын цөмийн лоббины зөрчил тэмцэл явагдаад байна уу гэж тагнуулын байгууллага шалгаж байгаа юм байна гэж би ойлгосон. Ерөнхий сайдыг Дорноговь аймагт ажиллахаар очиход “цацрагийн хордлого” гарсан байна гэсэн бухимдалтайгаар олон нийт сайдад хандсан байгаа юм. Мал эмнэлэгийн лабораторийн ажилтан Цэрэнчимэд гэдэг хүн Ганбаатарт “Цацраг илэрсэн” гэдэг албан бус дүгнэлт гаргаж өгөөд тэр дүгнэлтээ Дорноговь аймгийн малчид, 1111 рүү явуулсан юм шиг байна. Тэр бичиг нь тамга тэмдэггүй албан бус бичиг гэж бичигдэж байсан. Ингээд Ерөнхий сайд мал эмнэлэгийн лабораторид хандахад тэр бичгийг “Хэн ямар учиртай гаргасныг мэдэхгүй. Энэ манай албан бичиг биш” гэж лабораторийнхон залруулж хэлсэн байна. Харин “Бид ийм дүгнэлт гаргасан” гээд цацрагтай холбоогүй гэсэн бичиг өгсөн байна. Яагаад заавал ерөнхий сайдын айлчлалын үеэр урьдын дүгнэлт гэнэт өөрчлөгдөж, албан бус дүгнэлтийг яаран тараасан бэ гэдэг асуудлаар МБОИЗ-ийн удирдах зөвөлийн гишүүн Х.Эрдэнэбулган "Өнөөдөр" сонинд бичсэн, Мал эмнэлгийн лаборатори, Мал үржлийн газруудыг баримттайгаар шүүмжилсэн байна. Ерөнхий сайдын нэр хүндийг бууруулах, цөмийн хөнөөлөөр унагах гэсэн улс төрийн ажиллагаа явагдсан байж магадгүй гэсэн таамаглал гарч байна. Цуурхал дэгдээж, улсад 90 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн асуудал гарч ирсэн байна. Өөрийг нь дэмжээгүй сэтгүүлчдийг Францын Арева компаниас авлига аван Францад суралцах болсон гэж гүтгэсэн гээд тэр сэтгүүлчид эвлэлдээ хандах, шүүхэд хандах асуудал гарч байгаа юм байна. Яагаад найз маань ийм асуудлуудад нэр холбогдчихов оо гэхлээр цөмийн эсрэг үзэлтэн нөхөдтэйгээ ярьж зөвлөлдөж, хамтран ажиллаагүй байгаа юм. 2012 онц эцсээр Ганбаатар найз маань тэмцэгч Л.Бороос мал үхсэн тухай мэдээлэл сонсонгуутаа цацрагаас болсон гэж дуулиан гаргах гэтэл цөмийн эсрэг тэмцэгчид тийм биш байна шүү, ураны хайгуулын өөр сөрөг нөлөө байж болно шүү гээд болиулж байсан. 2013 оны 1-р сард Ж.Ганбаатар химийн үл мэдэгдэх, нууцлаг бодисоор амьсгалсан байж магадгүй гэж хэвлэлийн хурал хийхдээ цацрагаас болоогүй гэж бас зарлан мэдэгдсэн. Бид чи яагаад цацрагаас болоогүй гэж тогтоочихов оо гэж хэлж байсан. Гэтэл өөдөөс цацрагаас болоогүй гэж Цөмийн энергийн газартай хамт хурал хийнэ, хамт мэдэгдэл гаргана гээд байдаг байсан. Тэгж яаран дүгнэлт гаргаж болохгүй, цацрагийн нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй, баримт үгүй байна гэж бид хэлдэг байсан. Тэгэхээр өөдөөс бараг урвагч, худалдагдсан гээд байдаг. Тэгснээ селен хорт бодисны хордлого гарав гэж фейсбүүкэд бичээд бас дуулиан гаргах гэсэн. Ж.Ганбаатарын дүгнэлт бас олон удаа өөрчлөгдөж байсан. Бид яаран дүгнэлт гаргаж болохгүй гээд холбогдох байгууллагууд руу тодруулах албан бичиг явуулсан, селений хордлого гарсан гэх баримт олдоогүй.
Цөмийн эсрэг тэмцэгч бид Монгол дахь ураны хайгуултай бүх компанийг л хардаж сэрдэж, ураны хайгуулын бүх сөрөг нөлөөг анхааран судалж, цөмийн эсрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. МБОИЗ Цөмийн эсрэг ажлын хэсгийн ажлыг үнэлж хүндэтгэдэг, тусалж дэмждэг. Гэхдээ бид дуулиан шуугиан гаргах чиглэлээр ажиллаж болохгүй юм, эрх үүрэг маань тийм биш юм. Дуулиан шуугиан гаргасангүй, хангалттай баримтгүй асуудлыг хангалттай баримтгүй гэж хэллээ гээд биднийг буруутгаж болохгүй. Бүх ураны компаниудад бид шүүмжлэлтэй хандан ажиллаж, бүх сөрөг нөлөөнд шүүмжлэлтэй хандаж судалж байна, гагцхүү мал цацрагаар үхсэн гэснээр зөв зүйтэй болдог, ураны хайгуулын өөр сөрөг нөлөө байж болно гэхээр цөмийн эсрэг тэмцэл биш болдог, буруу болдог юм биш шүү дээ. Иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийнхэн “Цацрагийн нөлөөллөөс болсон гэдэг батлагдаагүй. Ураны хайгуулын өөр нөлөө болсон байж магадгүй” гэсэн байр суурьтай байна. Энэ бол бидний асуудалд бодитой хандаж байгаа явдал болохоос, цөмийн эсрэг тэмцлээс ухарсан хэрэг биш. Бидний цөмийн эсрэг байр суурь огт өөрчлөгдөөгүй. Гагцхүү үндэслэл баримтаар тааруухан зүйл ярихыг бид дэмжихгүй.

-Энэ бүх ажлыг хийгээд явж байхад таньд ямар саад бэрхшээл тохиолдож байна вэ?

-Саад бэрхшээл байна. Өнөөдөр найз нөхөд маань ч ойлгохгүй байх явдал гарна. Найз Ганбаатар маань МБОИЗ дахь Хяналтын хорооны дарга гэсэн зэрэг дэвээ буруугаар ашиглан цөмийн ажлын хэсгийн хурлыг хийлгэхгүй гэсэн дүрмийн бус зарлиг гаргуулан ажиллаж байна. Бид хуралдаж байж ажлаа хийнэ шүү дээ.
    Улаанбадрахад Кожегобийн үйл ажиллагаанд шалгалт хийх нарийвчилсан төлөвлөгөө материалыг гарга гэж бидэнд МБОИЗ, БОНХЯ-наас даалгасан. Түүнийгээ төлөвлөчихөөд хэлэлцэх гэтэл ийм зарлиг угтсан. Нөгөө цацрагийн хордлого илрүүлдэг, цөмийн эсрэг тэмцэгч Ж.Ганбаатар дарга маань цөмийн эсрэг тэмцэгчдийн үйл ажиллагаанд энэ мэт саад тотгорыг олонтаа учруулсан. Үзэгчдээс бүрдсэн шинэ цөмийн ажлын хэсэг байгуулна гэх бүтэлгүй оролдлого хийгээд удаж байна. Түүний ёс зүйгүй ажиллагаанаас залхсан ажлын хэсгийнхэн, намайг зохицуулагчаас болиулна гэж зохион байгуулсан хурал дээр нь өөрийг нь харин ажлын хэсгээс хасах санал гаргаад, бүгд 100 хувь санал нэгтэй, санал хураах гэж байхад, харин санал хураахаас өмнө амжиж, би өөрөө гарлаа гээд гараад явсан, явахынхаа өмнө та нартай тэмцэнэ, Ч.Мөнхбаярыг заавал МБОИЗ-өөс хөөлгөнө, мэднэ, чадна гэж андгайлах шахуу юм хэлсэн. Урьд нь тэмцэгч Л.Борыг ажлын хэсэг, МБОИЗ-өөс хөндийрүүлж, хөөж байсан. Хэрэв энэ найз маань биднийхээ үгийг сонсдог байсан бол өнөөдөр ийм бөөн дуулиан, асуудал гарахгүй байсан. Тэр хүн буруугаа хүлээн засарвал, бид хүнд байдлаасаа гарахад нь туслахад бэлэн байна.Цөмийн эсрэг хор хөнөөлөөс дэлхийн улс орнууд татгалзаж байна. Манай улс бол цөмийн элдэв хөнөөлтэй үйл ажиллагаануудын талаар бодоод ч хэрэггүй. Бид их цөм, бага цөм гэж ярьдаг. Бага цөм гэдэг нь эмнэлэг, шинжлэх ухааны байгууллага, үйлдвэрлэл зэрэгт хэрэглэж ирсэн уламжлалт хэрэглээ юм. Ураны хайгуул, олборлолт, атомын цахилгаан станц, баяжуулалт, хаягдал зэрэг их хэмжээний хохирол өгч болох зүйлсийг бид их цөм гэж нэрлэдэг. Тэгэхээр их цөмөөс л татгалзъя гэж байгаа юм. Түүнээс рентген, туяаны эмчилгээнээс татгалзъя гэж байгаа юм биш. Улс маань ч цөмөөс татгалзаад, цөмийн эсрэг тэмцэгчид маань эвтэй найртай , бие биенээ хүндэтгэж ажиллая гэж хэлмээр байна.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • xxx. (202.9.47.131)
    tanig.demjij.baina
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.72.245.150)
    Норсүрэн гуай бол Улаанбадрах сумын иргэн биш Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян багийн малчин ш д. Ураны хайгуул хйигээд байгаа газар Сайншанд сум, Улаанбадрах сумын залгаа нутаг юм, үнэхээр уран олборлосон бол аюул Сайншанд сумын 5-р багт илүү ойр байгаа юм.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (182.160.37.112)
    Яг үнэн. Манайд цөмйн талаарх ойлголт огт байж болохгүй
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Ногоонтон (202.179.27.175)
    Иргэний нийгэмд ажиллаж тэмцэж буй иргэд хоорондоо ойлголцон муудалцахгүй байх нь хэтийн зорилгод маань их чухал гэвч нийгмийн идэьхитэй иргэд маань байр сууриа хурцаар илэрхийлэх хандлагатай тул хүлээцтэй байж амжилтанд хүрэх ёстойв
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (182.160.37.112)
    Та мундаг шүү. Таныг дэмждэг.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (203.194.114.15)
    зүйтэй, дэмжмээр залуучууд байна, амжилт
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
    • zochin
      чны мал нь гэнэт олноороо үхсэн байж таараа ш дээ.
      2013 оны 04 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    8 цаг 47 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    13 цаг 3 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    13 цаг 15 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    13 цаг 44 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 2 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    14 цаг 17 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК