
МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч газар дээр нь ажиллан, орчны шинжилгээ хийж байна. Объектийн ойр орчмын 0-130 метр зайд 12 цэгээс хөрсний дээж, 8 цэгт агаарын сорьц дээж авчээ. Мөн бохирдсон хэсгийн 9.6 м2 талбайн хөрсийг хуулсны дараа дахин хөрсний дээжийг уг талбайгаас конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс 1 дээж авч шинжилсэн байна.
Шинжилгээний дүнгээр хөрснөөс авсан 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр бохирдсон байв. Агаарын сорьцуудын бохирдол стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна.
Бохирдсон хөрсийг хуулсны дараа дахин авсан 1 дээж сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна.
ОБЕГ-ын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2х4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 м2 талбайд саармагжуулалтийг хийж хөрс, агаараас дахин дээж авч шинжлэхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнд гарчээ.
Саармагжуулалтыг хийн явцдаа объект дотор дэвссэн шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усныг цуглуулж авсан байна. Дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулав.
Сэтгэгдэл (2)