Ардчилсан нам улс төрийн намуудаа манлайлан намын үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг орон даяар хийж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 19-ны өдөр Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хэлэлцүүлэг нь намын үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төсөлд намын гишүүдийн санал хүсэлтийг тусгах зорилготой юм.
Намын үндсэн дүрэм болон мөрийн хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэх үүргийг улс төрийн намууд хүлээгээд буй. Иймд Ардчилсан намын хувьд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан намын дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийг боловсруулжээ. Тус хөтөлбөрт Ардчилсан нам үнэт зүйлээрээ таван эрх чөлөөг тусгаж, үзэл баримтлалаа тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг баруун төвийн улс төрийн нам байна хэмээн тусгажээ.
Ийнхүү Хэнтий аймгаас эхэлж буй Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг 21 аймагт үргэлжлэх юм.