
Энэ жилийн Дэлхийн Байгаль орчны өдрийнуриа тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улс сонгогдон Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ - Хоол, хүнсний хаягдлыг багасгая уриан дор энэ сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээгээр эхэлж таван өдөр үргэлжилсэн хөтөлбөрийг хааж өчигдөр олон улсын төлөөлөгчдийг оролцуулан хүндэтгэлийн хурал хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт талархал дэвшүүлж, өнгөрсөн өдрүүдэд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлого гэсэн үгстэй Монгол Улсын нэр хамт яригдсанд баяртай байгаагаа хэллээ. “Манай улсын хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана. Ийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар хариуцсан яамны статусыг дээшлүүлж, үндсэн чиг үүргийн яам болгосон” гэж Ерөнхий сайд тодотголоо. Түүнчлэн, монголчууд байгаль хамгааллын туршлагаараа үлгэр болохуйц соёл уламжлалтай ард түмэн болохыг монгол гэр сууцаараа жишээлэн ярьсан юм.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер хэлэхдээ “Ногоон хөгжлийн стратеги ирээдүйн сайн сайхны баталгаа болно. Монгол Улс Ногоон эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд баяртай байна. 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хувьд цаашид хамтран шинэ алхам хийх боломж олгосон өдөр юм.Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсээр байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй арга хэрэглэх хэрэгтэй. Уул уурхайн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, уул уурхайг улсынхаа ирээдүйн төлөө яаж хөгжүүлэх талаар сайтар төлөвлөх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр Хустайн байгалийн цогцолборт газартай танилцахдаа Тахийн унаганд нэр өгөх боломж тохион “Тунза” хэмээн нэрлэжээ. Энэ нь Зүүн Африкийнхны хэлдэгээр “Хайраа илэрхийлэх” гэсэн утгатай аж.
БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай зохион байгуулсныг дурьдаад Ногоон хөгжлийн стратегийн баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд Байнгын хороо дэмжихээ илэрхийллээ хэмээн
Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.