Дэлхийн байгаль орчны энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Биологийн олон янз байдал-2013” нэртэй гэрэл зургийн уралдааныг нэг жилийн хугацаатай зарласнаа мэдэгдэв. Уралдааны шилдэг бүтээлийг ирэх жилийн Дэлхийн байгаль орчны өдрөөр шалгаруулж олон нийтийн хүртээл болгоно.Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бодитой үйл ажиллагаа нь гэрэл зургийн болон видео уралдаан байдаг. Уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх сонирхлыг төрүүлэхэд оршиж байгаа юм.



















































