Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал хойшилсоор өнөөдөртэй золгожээ. Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.00 цагт болох уг шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, музейн ашиглагч тал болох МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд оролцох ажээ. Урт удаан хугацаанд намын өмчлөлд ашиглагдсаар ирсэн В.И.Лениний музейг
Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахын тулд шүүхийн шатанд хэргийг
хэлэлцсээр байгаа билээ. Анхан шатны шүүх хуралдаан ашиглагч тал болох
МАН-ын хүсэлтээр дөрвөн удаа хойшилсон юм. Сануулахад, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, өмч тоолох гэтэл тухайн үед өмчлөлийн маргаантай байсан барилгуудын нэг нь Лениний музей байжээ. Ингээд өмчлөлийн асуудал сөхөгдөж, 1997 онд анхан шатны шүүхээс Лениний музейг төрийн өмч гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Нийслэлийн давж заалдах шатны болон Дээд шүүхээс намын өмч гэдгээр шийдвэр гарч, Намын түүхийн институт ашиглаж байгаад улмаар МАН ашиглагчийн статустай болсон байна. Ингээд өдийг хүртэл үйлчилгээний чиглэлээр ашиглаж ирсэн ажээ. Тэгвэл музейн зориулалттай ганц том барилгыг зориулалтаар нь ашиглах буюу Үлэг гүрвэлийн музей болгох Засгийн газрын тогтоол энэ оны нэгдүгээр сард гарсан юм. Тогтоолын дагуу музейн өмчлөлийн маргааныг таслахаар ийнхүү өнөөдөр анхан шатны шүүхээр хэлэлцэх гэж байна.



















































