
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Ботаникийн эцсийн буудлын орчимд хүн зодуулсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу очиж шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б гэгч нь, Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд оршин суух М-ийг бусадтай бүлэглэн зодож, автомашиных нь дугуйг шөвгөөр хагалж байсныг нь таслан зогсоожээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны "Панда" дэлгүүрийн гадаа хүн зодолдоод байна гэх мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд оршин суух 56 настай Ш гэгчийн тус дүүрэгт оршин суух 26 настай С нь согтуурсан үедээ зодож, танхайрч байсныг цагдаагийн ажилтанууд таслан зогсоожээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэг шалгаж байна. Ер нь танхайн хэргүүдийн ихэнх нь архи согтууруулах ундаатай холбоотой аж.
Д.Ундрах /24tsag.mn/