Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн дөрөв, Аврах ажиллагааны нэг, усны ослын нэг дуудлага ирж нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны есдүгээр давхарт утаа байна гэсэн дуудлагыг 15:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газар гаргаж аварчээ. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзайн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй 5х4 метрийн хэмжээтэй сэндвичин байшин бүрэн шатаж байсныг 0:30 цаг ажиллан унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































