-Согтуу хүнд зүгээр л зодуулаад байсан нь дээр байж гэж ч бодогдсон-
“Аргагүй
хамгаалалт” гэх нэр томъёо хуульд байдаг хэдий ч энэ зохицуулалтын
дагуу хэргийг шийдвэрлэсэн тохиолдол цөөн талаар хуульчид ярьдаг. Тэгвэл
саяхан Улсын Дээд шүүх Б.Цэгмэд гэх залууд холбогдох хэргийг хянан
хэлэлцээд түүнийг хохирогчийн хууль бус үйлдлээс үүдэн аргагүй
хамгаалалт хийсэн гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хуульчид
үүнийг шинэ жишиг тогтоосон зөв алхам гэж үзэж байгаа бол Б.Цэгмэд
шүүгчдэд баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.
-Согтуу хүнд зүгээр л зодуулаад байсан нь дээр байж гэж ч бодогдсон--Хэрэг явдал юунаас үүдсэнээс яриагаа эхлэх үү?
-Би Говь-Алтайн цэргийн ангид жолооч хийдэг юм. Штабын даргын өгсөн үүргийн дагуу 2011 оны 7 дугаар сарын 9-нд дөрөвдүгээр заставаас цэргийн ангийн төв орж хүнсний бараа авахаар ахлагч Батдоржийн хамт явсан. Хүнсний бараагаа аваад буцаж явах замд сумын төвийн доод захад манай цэргийн ангид ажилладаг Ууганбаяр, Алтангэрэл гэх хоёр залуутай таарсан юм. Тэр хоёр яг тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан л даа. Мотоциклтой явж байсан чинь бензин нь дуусчихлаа гээд жаахан шатахуун өгөхийг гуйсан. Бензинээсээ шланкаар татуулаад зогсож байтал гурав, дөрвөн мотоциклтой баахан согтуу хүмүүс давхиад ирсэн. Би тухайн үедээ ажилтай байсан болохоор тэр хүмүүсийг эхлээд сайн анзаарч хараагүй. Согтуу залуус надтай явж байсан хүмүүсийг “Чи хаанахынх вэ” л гээд байсан. Удалгүй нэг нь намайг “Чи хаанахынх вэ” болоод явчихлаа. Би ч бушуухан явахын түүс болсон. Цэрэг хувцастай болохоор минь ч тэр юм уу “Чи цэргийн ангийн муу хулгайч байна ш дээ. Алтай сумын атаман Сүхээ гэж таних уу” гэж агсраад. Би “Сайн танихгүй байна” гэтэл “Новш минь чи надад зодуулмаар байна уу” гэж хэлээд цээж рүү хоёр, гурав цохисон. Би “Чи архиа хэтрүүлсэн байна. Зүгээр хариад амарчих. Дараа эрүүл болсон хойноо ярь” гээд хоёр гарыг нь барьж тэвэрч аваачаад мотоцикл дээр нь тавиад “Чамтай зодолдмооргүй байна, хэл ам хиймээргүй байна” гээд эргэсэн юм. Нөгөө хүмүүст нь ч бас “наад хүнээ аваад яваач” гэж хэлсэн. Гэтэл Сүхээ дахиад араас хүрч ирээд толгойн дундуур цохиод авсан. Эргээд хартал намайг дахиад цохих гэж байхаар нь зөрүүлээд шанаа хавьд нь нэг л цохисон. Тэгээд би шууд машиндаа суугаад явсан. Гэтэл хоёр, гурав хоногийн дараа “Нүд сохорсон байна, ирж уулз” гэж хэлүүлээд… Тэгээд л би энэ хэрэгт холбогдсон юм.
-Та тэр хүнийг урьд нь таньдаг байсан уу. Тань руу дайрах ямар шалтгаан байсан юм бол…
-Би тэр хүнийг урьд нь ганц хоёр зүс харсан, нэрийг нь ч мэддэггүй байсан. Ер нь би гаднаас ирсэн болохоор яг орон нутгийн хүмүүсийг тийм ч сайн таньдаггүй. Шатахуун түгээх станц дээр бензин түгээдэг гэдгийг нь ерөнхийдөө мэддэг байсан. Тэр үед Сүхээ их согтуу байсан. Хэл амаар их ч доромжилсон, янз бүрээр хэлсэн. Намайг цэргийн хувцастай болохоор гадны хүн гэж тэгж байгаа юм байлгүй л гэж бодсон.
-Өөр рүү чинь дайрсан согтуу хүнийг та нэг л удаа цохисон юм уу?
-Тийм. Машин руугаа явж байтал миний толгой руу цохисон. Толгойгоо дараад эргээд хартал дахиад цохих гэж байхаар нь шанаа хавьд нь нэг л удаа цохисон юм.
-Нүд сохорсон гээд дуудахаар нь яваад очтол чухам юу болсон бэ?
-Яг долдугаар сарын 11-ний өдөр намайг дуудуулсан. “Нүд сохолчлоо, хүрээд ир” гэсэн байсан. Эмнэлэгт яваад очтол согтуу унтаж байсан.
-Яагаад согтуу гэж… Хоёр хоногт архи нь гарна биз дээ?
-Эмнэлэгт үзүүлсэн чинь хэвт гэсэн юм шиг байна лээ. Тэгээд нүд өвдлөө, бас найзууд ирлээ гээд уусан юм байна гэж л ойлгосон. Унтаж байхаар нь би жаахан хүлээж байгаад сэрэхгүй болохоор нь яваад өгсөн. Тэгээд бүр орой харанхуй болсон хойно буцаад иртэл архи нь сайн гараагүй, гэхдээ боссон байсан. Намайг очингуут “Чи миний нүдийг сохолсон муу хулгайч. Чамайг одоо ална” гээд ах дүүгээ дуудсан. Эгч, ах нь гээд гурав, дөрвөн хүн ирсэн. Би тухайн үедээ тийм үйлдэл хийсэн хүн чинь айж балмагдаад аясаар нь л байсан. Тэгсэн чинь эмнэлгийн коридорт “Чамайг ална. Чи миний нүдийг ямар болгосон билээ. Тэр журмаар чамтай харьцана” гэсэн. Би ч бас дуугүй байгаагүй “Чи согтуу явж байсан, ийм ийм зан авир гаргасан. Хамт явж байсан хүмүүс чинь ч үүнийг мэднэ. Гэхдээ би чамайг эрүүл болгохын төлөө явна. Гарах зардал юу байна, даана” гэж хэлсэн. Тэгээд энэ хүн анх согтуу над руу дайраад яалаа, одоо эмнэлэг дээр ийм байгаа юм чинь хэцүү л юм байна даа гэж дотроо бодсон. Маргааш нь буцаж ирэхэд архи нь ч гарсан, уур бухимдал нь ч нэлээд намдсан байсан.
“Эмч үзээд миний нүдийг харахгүй гэж байна, яаралтай Улаанбаатар явж, эмчлүүлэх хэрэгтэй боллоо. Надад мөнгө төгрөг хурдан гаргаж өг” гэсэн л дээ. Тэгээд хэдэн төгрөг өгөх талаар асуухад “3 сая 700 мянган төгрөг өгөөдөх” гэсэн. Хэлсэн мөнгийг нь банкнаас авч өгсөн. Тэгээд Улаанбаатар руу эмчилгээнд яваад сар болоод хүрч ирээд надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Говь-Алтай аймгийн цагдаад өгсөн.
-Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь нэг цохилтын улмаас сохорч болно гэж гарсан уу?
-Шинжээчийн дүгнэлт сохорсон байна гэж гарсан.
-Эмнэлгийн төлбөрт дахиж мөнгө нэхэмжилсэн үү?
-Цагдаад намайг өгснийхөө дараа дахиад чамаас 1 сая төгрөг авна гэсэн л дээ. Би нэгэнт шүүх, цагдаагаар явж байгаа юм чинь хэдий хэмжээний мөнгө зарцуулсан нь гарах байлгүй дээ, тэгээд болъё гэсэн. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд эмчилгээний зардал төдөн төгрөг гарсан гэх баримтыг тодорхой гаргаж өгөөгүй. Баримт байхгүй учраас энэ асуудал дахиж яригдаагүй.
-Таны хэргийг шүүх, цагдаа яаж авч үзсэн бэ?
-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхэд 2012 оны 1 дүгээр сард анхны шүүх хурал болсон. Энэ хурлаас намайг аргагүй хамгаалалт хийсэн байна гэж үзэж цагаатгасан. Гэтэл улсын яллагч нь “цагаатгаж болохгүй, аргагүй хамгаалалт биш, санаатай үйлдэл” гэж эсэргүүцэл бичээд аймгийн давж заалдах шатны шүүхээр ороод сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх дахин хэлэлцээд 3 жил 4 сар хорих ял оногдуулсан. Түүнээс хойш цагдан хоригдоод 147 хоноод би Улсын Дээд шүүхэд давж заалдсан. Дээд шүүхээс дахиж дүгнэлт гаргуулах хэрэгтэй, эргэлзээтэй байна гэж үзсэн. Урьд нь манай хохирогч бас өөр хүнтэй зодолдож, яг тэр нүдэндээ гэмтэл авч байсан юм билээ. Тийм учраас хуучин гэмтэл үү, шинэ гэмтэл үү гэдгийг тодорхой тогтоох хэрэгтэй гэж үзсэн. Ингээд дахин шалгаад анхан шатны шүүх хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-нд аргагүй хамгаалалт биш, санаатай үйлдэл гэж үзээд 3 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Харин Дээд шүүх 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр миний үйлдлийг аргагүй хамгаалалт байна гэж үзээд цагаатгасан. Дээд шүүхийн шүүгчдэд үнэн шударгаар шийдсэнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Ер нь танд цагаадчихна гэсэн найдвар байсан уу?
-Нөгөө хүн маань өөрөө согтуу байсан, тэр хүний буруутай үйлдэл байсан болохоор горьдлого байсан. Гэхдээ сэтгэл зүйн хувьд амаргүй байсан.
-Ар гэрийнхэн чинь энэ бүхнийг яаж хүлээж авсан бэ?
-Үнэндээ надад их хэцүү байсан. Би энэ явдал тохиолдтол зүгээр л хамт олонтойгоо ажлаа хийгээд явж байсан. Цэргийн хүн учраас яв гэсэн газарт л явна, хүнсний бараа авахаар яваад тийм хүнтэй таарна, ийм үйл явдалтай учирна гэж зүүдлээ ч үгүй байсан. Би чинь одоо 3 хүүхэдтэй хүн. Дөнгөж хэрэгт холбогдоход эхнэр маань жирэмсэн байсан. Хоёр том маань нэг нь 4, нөгөө нь 2-той байлаа. Аав маань хэвтэрт, хүний асрамжинд байдаг. Ээж минь настай хүн. Бусад хүмүүсийн л адил аав ээжийнхээ ачийг хариулах гэж, сайн хүү нь байх гэж зүтгэдэг жирийн нэг залуу. Гэтэл юун ач хариулахтай манатай. Ингээд бүх шатны шүүх ялыг минь хэвээр баталчихвал бүхэл бүтэн 3 жилийг яаж барна аа, гэр орон минь яах билээ, хэвтэрт байдаг аав минь хүлээж чадах болов уу. Хэрвээ шүүх намайг буруутай гэж үзвэл дахиж төрийн албанд орж ажиллаж ч болохгүй, настай эцгээ, хэдэн хүүхдээ яадаг юм билээ гээд бодох юм их л байсан. Тэр болгоныг үгээр хэлэхэд хэцүү л дээ.
-Та нийтдээ хэд хоног хоригдсон бэ?
-247 хоног
-Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү. Магадгүй, танаас үүдээгүй ч ийм асуудалд орооцолдоход тийм зүйл гарч болох юм даа…
-Хүмүүс байдгаараа л байсан. Эмзэглэхээр юм анзаарагдаагүй. Ээж маань, ах дүү нар, хадмууд, найз нөхөд, ажлынхан бүгд эргэж ирдэг, “үнэн мөн нь олдох байлгүй дээ” гэцгээдэг байсан. Гэхдээ л ээж маань “Яачихав даа, миний хүү” гээд л. Яаж амар байхав дээ. Заримдаа ч зүгээр тэр согтуу хүнд зодуулж, цохиулаад л байж байдаг байж дээ гэж бодох үед зөндөө байлаа.
-Таныг цагаатгасныг яаж мэдсэн бэ. Тэр үед яг юу бодогдов?
-Дээд шүүх миний хэргийг хянаад намайг гэм буруугүй, аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж цагаатгасан болон суллах тухай мэдэгдэх хуудас ирсэн. Яг тэр үеийн сэтгэгдлийг би үнэндээ үгээр илэрхийлж ч чадахгүй нь. Зүүдлээгүй байгаа л гэж бодогдсон. Би Монгол Улсын Дээд шүүхэд хэргийг наанатай, цаанатай ялгаж шийдсэнд нь маш их баярлаж байгаа. Шүүх гэдэг хэргийг үнэн зөвөөр шийддэг юм байна гэдгийг өөрийн бие махбодиор, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Шүүх засаглалдаа их баярлалаа л гэж хэлэх байна даа.
-Та суллагдаад хаашаа очсон бэ. Аав, ээждээ яаж хэлэв?
-Хамгийн ойрхон байдаг авга ахындаа очсон. Аав, ээж рүүгээ утсаар мэдэгдсэн. Муу ээж минь уйлаад л их баярласан. Яг тэр мөчийг хүний сэтгэлд хүртэл ойлгомжтой сайхан ярьж чадахгүй байна. Гэхдээ үгээр хэлэмгүй сайхан мөч байсан даа.
-Таныг буцаагаад ажилд чинь авсан юм байна ш дээ. Магадгүй та гайгүй ажилтан байх нь…
-Дээд шүүхийн тогтоол гарсан, намайг цагаатгасан гээд очиход шууд ажилд маань эргүүлэн авсан. Ер нь хэн нэгэн асуудалд холбогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр яаж гарах нь вэ гэдгийг байгууллага нь хардаг юм билээ. Тэгээд хэргийг нь бүр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд ажилд нь буцаагаад авдаг. Миний сайн ажилтан гэж юу байхав. Гэхдээ би хамт олонтой. Тэдэндээ их баярлаж байгаа.
-Уучлаарай, та ер нь архи уудаг уу?
-Үгүй ээ, би архи уудаггүй.
-Бас нэг асуулт, Дээд шүүхийн хэн нэг шүүгчийг таньдаг байсан юм биш биз?
-Дээд шүүхийн шүүгч байтугай өөр ямар ч шүүгч, цагдаа, прокурор танихгүй ээ. Харин одоо би зөвийг тунгаасан Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэр шүүгчдэд насаараа баярлаж явах болно.
Бидний яриа ингээд өндөрлөлөө. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Хүн бүрт өөрийгөө хамгаалах эрх бий. Үүнийг мэдрүүлсэн ийм шийдвэр олон гаргаасай, шүүх гэж бодогдсоныг нуух юун.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (3)