
НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Н.Энхбаярын хууль бус хувьчлалын
хэрэгтэй
холбоотойгоор шалгах шаардлага гарсан. Гэвч түүнийг гадны аль нэг оронд
орогнож, байцаалт өгөхөөс зугтсан гэх үндэслэлээр Интерполоор эрэн
сурвалжилж байсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн баасан гарагийн шөнө
Монголдоо ирсэн бөгөөд бямба гарагийг өглөө гэрээс нь баривчилсан тухай бид мэдээлсэн. Өдгөө
Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан аж. Прокурорын шийдвэрээр түүнийг
эхний удаад 14 хоногоор баривчлан
саатуулаад байгаа бөгөөд баривчлах хугацааг сунгах эсэх нь түүний биеийн
байдлаас шалтгаалах бололтой. Учир нь түүний АНУ руу явах болсон
шалтгаан нь хэргийн мөрдөлтөөс оргон зайлсан хэрэг гэж хуулийнхан үзэж
байгаа ч өмгөөлөгч нь зүрхний хагалгаа
хийлгэх зорилгоор явсан гэж мэдүүлсэн билээ. Ямартаа ч Т.Билэгтийг
баривчлах үеэр түүнд үзлэг хийхэд биед нь хагалгаа хийлгэсэн шарх сорви,
ямар нэг ул мөр байгаагүй гэсэн. Мөн Т.Билэгт өнгөрсөн даваа гарагаас эхлэн мэдүүлэг өгч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр шүүхээс 2.6 жилийн ял сонсон хоригдож байгаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарим хэрэгт холбоотой гэдгээ хүлээсэн байна. Тодруулбал, Т.Билэгтийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутган, сэжигтнээр тооцсон юм. Энэ үеэр тэрээр АНУ-руу яваад хоёр жил шахам сураггүй болоод байсан юм. Гэвч Т.Билэгт эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж эхэлснийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй гэдгээ мэдүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/