БСШУ-ны сайдын 2009 оны 131-р тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"-ын 2.2-ыг үндэслэн сурах бичгийн зохиогчийн багийг шалгаруулах юм байна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дор дурьдсан материалыг бүрдүүлэн 2013 оны 09 сарын 21-ний өдрийн 17 цагаас өмнө Багшийн хөгжлийн ордны 601 тоотод ирүүлж болно.Үүнд:
1. Зохиогчийн багийн гишүүдийн анкет
a. Овог нэр, регистрийн дугаар
b. Холбоо барих утас
c. Ажлын газар, албан тушаал
d. Боловсролын болон мэргэшлийн зэрэг (нотариатаар баталгаажуулсан дипломын хуулбарын хамт)
e. Төгссөн сургууль, үндсэн мэргэжил
f. Боловсролын салбарт ажилласан жил
2.Боловсролын сургалтын үндсэн баримт бичиг боловсруулахад оролцсон туршлага
3.Тухайн сурах бичиг, сургалтын чиглэлээр гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
4.Сонирхлоо илэрхийлж, зохиох сурах бичгийнхээ агуулга, арга зүй, зохиомжийн шинэлэг санааг тусган үзэл баримтлалаа танилцуулсан багийн ахлагчийн захидал
Зохиогчийн баг 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тухайн боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх;
- Тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн гишүүнтэй байх;
- Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүнтэй байх;
Зохиогчийн багийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тухайн боловсролын чиглэлээр мэргэшсэн гишүүн нь:
- Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Тухайн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг;
- ЕБС-ийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах онол, арга зүйн мэдлэг, туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Тухайн боловсролын дидактикийн чиглэлээр мэргэшсэн гишүүн нь:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Тухайн насны хүүхдийн хөгжлийн талаар онол, арга зүйн мэдлэг туршлагатай;
- Ерөнхий боловсролын сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын үндсэн баримт бичгийн талаар мэргэжлийн мэдлэг, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвар, туршлагатай;
- Тухайн боловсролын чиглэлээр дидактикийн судалгаа, боловсруулалт хийх туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүд нь:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- ЕБС-ийн сурах бичгийн онол, арга зүйн мэдлэг, туршлагатай;
- Тухайн боловсролын түвшинд ажилласан туршлагатай /нотлох баримт бичгийн хамт/;
- Тухайн боловсролын чиглэлээр сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай байна.
Шалгарсан баг нь тухайн сурах бичгийн багшийн номыг бичих болно.
Энэхүү журамтай www.meds.gov.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй танилцаж болно.



















































