
-Хэвлэлээр гарч байгаа энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ сарын 25-ны орой 00.30 цагийн үед 36 настай, эрэгтэй Б-гээс Н.Номтойбаяр гэдэг хүн намайг зэвсгээр гэмтээлээ гэх гомдлыг гаргаж ирсэн. Энэ дагуу бид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Н.Номтойбаяр гишүүн мэдүүлэг өгсөн үү?
-Бид гомдлын дагуу Н.Номтойбаярт “таны талаар ийм гомдол ирсэн тул хуулийн дагуу ирж байцаалт, мэдүүлэг өгнө үү” гэж мэдэгдсэн. Гэвч одоогоор тэрбээр ямар ч мэдүүлэг өгөөгүй байна.
-Хохирогчийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Биедээ хөнгөн гэмтэл авсан тул эмнэлэгт хэвтээгүй гадуур эмчлүүлж байгаа гэж дөнгөж сая Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдэгдсэн.
-Хэрэг яг хаана гарсан бэ?
-Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах нэгэн шөнийн клубад гарсан байгаа.
-Хохирогчийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч, 36 настай эрэгтэй хүн байгаа. Хэргийн мөрдөн байцаалт эхэлж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн. Хэрэв буруутай нь тогтоогдвол хэдэн жил хүртэлх ял оноох вэ?
-Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 181/3-т зааснаар "Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэв шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн ял авна.
-Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг яг буруутайг нь тогтоосон гэсэн үг биш биз дээ?
-Буруутайг нь тогтоож байгаа биш. Сэжигтнээр татагдаад цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн үг. Шалгаж дуусаад Прокурорын байгууллагаар хянуулахаар өгнө. Хамгийн эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана. Хэн буруутайг шүүх тогтооно. Тэр болтол тухайн иргэнийг гэм буруутайд тооцож үл болно гэж хуулинд заасан байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)