
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүн хэлэлцсэн. Гэвч ч шүүх хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн шүүхээр болсон. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцож байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар буруутган шүүж байгаа юм.
Хэргийг сануулбал, У.Раднаабазар нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/