УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Үүнтэй зэрэгцээд анхаарал татах нэгэн мэдээлэл БНСУ-ын хэвлэлүүдийг шуугиулж эхэллээ. Учир нь БНСУ-ын эрх баригч хүчин болох Сенүри намын дарга Хуанг Ү Ё-г Монголын эрх баригчид хүлээн авахаас татгалзжээ. Өнгөрсөн сарын 19-ны өдөр Сенүри намын дарга Монголд албан ёсоор айлчлахаар бэлдэж, хэлэлцэх асуудлаа ч тохиролцжээ. Мөн эрх баригч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүстэй уулзаж хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргана гэж ч урьдчилсан байдлаар хэлэлцжээ. Ингээд БНСУ-ын эрх баригч хүчин болох Сенүри намын дарга Хаунг Ү Ё тэргүүтэй төлөөлөгчид Монголыг зорихоор нисэх буудал явах гэж байтал Улаанбаатараас таагүй мэдээлэл хүлээн авчээ. Монголын тал айлчлалыг цуцалж байгаагаа хэдхэн цагийн өмнө мэдэгдэж БНСУ-ын эрх баригч хүчнийхний бухимдлыг төрүүлжээ. Монголын Засгийн газар уулзалтыг яагаад цуцласан талаараа “Монголын төрийн өндөрлөгүүдийн уулзалтын цаг таарахгүй байна. Чухал ажлууд гарсан” гэх мэт тодорхойгүй тайлбарыг хийсэн бололтой.
Харин Монголын удирдлагуудад муриулсан БНСУ-ын эрх баригчид “Монголын тал төлөвлөгөөт уулзалтаа цуцалсандаа огтхон ч уучлал гуйгаагүй нь олон улсын гадаад харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо. Солонгос улсын албаны төлөөлөгчид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийх айлчлалын үеэр хэзээ ч ийм бүдүүлэг явдалтай таарч байгаагүй” гэж тайлбар хийсэн байна.
Ийнхүү БНСУ, Монголын харилцаанд сэв суух нэгэн үйл явдал болж өнгөрсөн бололтой. Харин энэ үйл явдал үнэн эсэх талаар Монголын Засгийн газар албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Монголын талыг уучлал гуйхыг хүлээж байгаа Сенүри намын дарга Хуанг Ү Ё 66 настай. БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийг төгссөн. Шүүхээс улс төрийн карьераа эхэлж байжээ. Харин түүний тэргүүлдэг Сенүри нам 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 38.7, 2002 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 46.5 хувийн саналаар ялагдаж байжээ. Харин 2007 оны сонгуульд Сенүри намаас нэр дэвшигч Ли Мён Бак (Lee Myung-bak) нийт сонгогчдын 48.7 хувийн саналыг авч ялалт байгуулж байсан. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч Пак Кын Хе (Park Geun-hye) 51,6 хувийн саналаар ялж сонгогдожээ. Өөрөөр хэлбэл энэ нам сүүлийн дөрвөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрт нь ялж, хоёрт нь ялагдсан ч гэсэн ард түмнийхээ итгэлийг хүлээх хувиа тогтмол нэмсээр иржээ.
Мөн Сенүри нам БНСУ-ын парламентад ч ихээхэн нөлөөтэй аж. 2008, 2012 оны парламентын сонгуулд ялж эрх баригч хүчин болжээ. Тэгэхээр БНСУ-ын улс төрийн гол бодлогыг бүхий л түвшинд Сенүри нам тодорхойлж байна гэсэн үг юм.
Үүний зэрэгцээ Сенүри нам нь МАН-тай тун сайн харилцаатай учраас Монголын эрх баригч хүчин хүлээн авахаас татгалзсан байх магадлалтай гэж нэгэн эх сурвалж тайлбарлав. Мөн эрх баригчдын энэ үйлдэл БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30000 гаруй монголчуудаа бодсонгүй хэмээн үзэж байна. Монголын эрх баригчдын ойлгомжгүй үйлдэл БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа эдгээр монголчуудад сөргөөр нөлөөлж мэдэхээр болов. Учир нь Сенүри нам БНСУ-д хараар ажиллаж байгаа Монголчуудыг нутгаасаа гарч явахыг шаарддаг улс төрийн хүчин аж. Энэ үйл явдлаас болоод Монголтой харилцах харилцаандаа ч өөрчлөлт оруулж магадгүй гэж ярилцаж байна.




















































Сэтгэгдэл (25)