
-Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах хугацаа дуусах дөхөж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дээрх багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүхэд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Тиймээ, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангахад цөөхөн хэдэн хоног үлдлээ. Энэ нь нэг талаас шүүхийн шинэчлэлийг хүлээгдэж буй бодит хэрэгцээнд нь хүлээлгэн өгөх түүхэн үйл явдал, харин нөгөө талаас багц хуулийн хэрэгжилтийг хангах бидний ажлын “бэлэн байдал”-ыг шалгаж буй хэрэг мөн.
Бид багц хуулийг боловсруулах үеэс эхлэн УИХ-д өргөн барих, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах зэргээр өнөөдрийг хүртэл агуулга, ач холбогдлыг нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсээр байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өнөөдөр хийгдэж буй шинэчлэл нь өмнөх хуулийн үйлчлэлээс зарчмын хувьд ялгаатай, олон улсын жишиг, эрх зүйт төр дэх шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд шууд чиглэгдсэн гэж ойлгож болно. Тухайлбал, шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргааг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой хэмжээнд тэнцвэржүүлэх, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэргээр олон эерэг, нааштай үр дагаврууд гарна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Эдгээр нь зохион байгуулалтын шинжтэй ажиллагаа огт биш агаад эцэстээ хүний эрх, эрх чөлөөний баталгааг нэмэгдүүлж, шударга ёс “ноёлох”-д шууд чиглэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хаа ч тэр, аль ч цаг үед иргэдийн бахархал нь шударга шүүх байсаар ирсэн, цаашид ч ийм л байх ёстой.
Шүүхийн тухай багц хууль нь шүүхэд тулгамдаж буй амин чухал асуудлуудыг хөндөж, түүнд хариулт өгч чадсан гэж үзэж байна. Иргэд, олон нийт төдийгүй шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд ч энэ шинэчлэлийг хүлээж байсан бөгөөд үүгээрээ нийгмийн бодит хэрэгцээг оновчтой тодорхойлж, хуульчлах замаар баталгаажуулсан гэж ойлгож болох юм.
-Та Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас гадна Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын үүргийг хавсран хашиж байсан. Тэгэхээр багц хуулийг боловсруулахаас өнөөдрийг хүртэл хийгдсэн ажил тантай холбоотой гэж ойлгож болох уу?
-2002 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байна” гэсний дагуу шүүн таслах ажиллагааны нэгдсэн бодлого, шүүхийн захиргааны ажлыг нэгтгэн удирдаж байлаа. Тиймээс багц хуулийг санаачлах үеэс эхлэн гар бие оролцсон хүний хувьд энэ хүрээнд зохиогдсон, хийгдсэн, хийхээр төлөвлөгдсөн ажлуудыг бид сайтар судлан, олон байгууллага, албан тушаалтнуудаас саналыг нь авч хийсэн юм. Тухайлбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийтдээ 40 шахам дүрэм, журмыг урьдчилсан байдлаар шинэчлэн боловсруулж, шинээр байгуулагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн билээ. Мөн “Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн дагуу Улсын Дээд шүүхэд нэмэгдэж буй шүүгчдийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлан, шалгаруулж, нэр бүхий шүүгч нар томилогдон, өнөөдөр Улсын Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн орон тооны тэлэлт нь ажлын ачааллыг бодитойгоор бууруулж, шүүгчдийн хүрэлцээгүй байдлаас тухайн шүүгч өөр танхимын хуралд “нөхөн суух” явдал үгүй болж, эрх зүйн тодорхой салбараар мэргэшин дагнасан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй болсноор шүүн таслах ажиллагааны чанарт мэдэгдэхүйц үр нөлөө гарах учиртай юм.
Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэх шүүхийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, төсөв санхүүгийн өөрчлөлттэй холбоотойгоор 2012 онд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан юм. Үүний дүнд Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Шүүх байгуулах тухай хууль, мөн өдөр “Шүүгчийн орон тоог батлах тухай” тогтоолыг тус тус баталж, ингэснээр аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулах, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харъяаллаар тогтоох эрх зүйн үндэс бүрдээд байна.
Аливаа хуулийн хэрэгжилтийг хангах нэг чухал асуудал бол хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах, сургалт зохион байгуулах явдал юм. Шүүхийн тухай багц хуулийг олон нийтэд тайлбарлан таниулах, тэднийг шүүн таслах болон шүүхийн байршил, бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллээр хангах ажил одоог хүртэл эрчимтэй явагдаж байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын захирамжаар “Шүүхийн багц хуулиудыг сурталчлах ажлын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлснээр Монголын Үндэсний олон нийтийн болон бусад телевизүүдтэй хамтран 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл давхардсан тоогоор телевизээр 121 удаа, сонинд 78 удаа, сэтгүүлд 5 удаа, уулзалт ярилцлага 137 удаа, Шүүхийн тухай багц хууль, шүүх нээлттэй, ил тод байх үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр 65 удаа өдөрлөг зохион байгуулж, 127 сургалт явуулж, иргэд, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан тухай тоо баримтыг манай ажилтнууд надад өглөө. Энэ бол бага тоо биш. Шүүхийн тухай багц хуулийг сурталчлах ажлыг богино хугацаанд, эрчимтэй хэрэгжүүлснээр шүүхийн шинэчлэлийг өргөжүүлэх, багц хуулийг хэрэгжүүлж эхлэх, гол нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг ажиллаж эхлэхэд бага ч атугай нэмэр болсон болов уу гэж боддог юм.
-Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд эрх зүй, зохион байгуулалт, сургалт сурталчилгааны ажлаас гадна хөрөнгө мөнгө, төсөв санхүүгийн асуудал чухал байх нь мэдээж. Энэ талаар та юу хэлэх бол?
-Шүүх эрх мэдэл нь төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир, хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааны хувьд төрт ёсны тогтолцоонд онцгой байр суурийг эзэлдэг. Гэсэн хэдий ч Монголын шүүх улсын төсвийн 0.5 хувьд ч хүрэхгүй даруухан, даржин төсөвтэй явсаар иржээ. Харин 2012 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн багц 1 тэрбум 791 сая төгрөг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багц 19 тэрбум 85 сая төгрөгөөр батлагдаж, бид ч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар болон бүтээн байгуулалтын ажлыг олон биш ч гэлээ цөөнгүйг хийсэн гэж боддог.
Монгол Улсын 2013 оны буюу энэ жилийн төсвийн саналд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багцад 7 тэрбум 957.5 сая төгрөг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын багцад 61 тэрбум 428.5 сая төгрөг батлуулахаар санал оруулж, Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг дэмжиж, дээрх төсвийн хөрөнгийг баталсан нь Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд шууд чиглэгдэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн түүхэнд байгаагүй энэ их мөнгөн хөрөнгөөр шүүхийн шинэчлэлийг санхүүгийн хувьд “амьдруулах” хэрэгсэл болгон хэрэглэх зориулалттай бөгөөд шинээр байгуулагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2013 оны 6 дугаар сард баталсан “Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх олгох тухай” 12 дугаар тогтоол, 7 дугаар сард баталсан “Шүүгч, ерөнхий шүүгчийн цалингийн хэмжээг тогтоох тухай” 16 дугаар тогтоол гарах санхүүгийн “шууд” үндэс суурь нь болсон гэж үзэж болно.
Бид хийж буй шинэчлэлдээ эрх зүйн арга хэрэгслээр хамгаалалт тогтоох зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд түүнийгээ Шүүхийн тухай хуульд “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно.”, “Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.” гэх зэргээр тусгуулж, баталгаажуулж авсан юм. Энэ бол эрх ямба бус харин шудрага ёсыг хамгаалах, тогтоох нэг төрлийн “зэвсэг” нь болох учиртай. Харин цаашид төсвийн дээрх асуудлаар Шүүхийн Ерөнхий зөвлөл маань хэр идэвх, санаачилга гарган ажиллаж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах вэ гэдгийг бодит байдал дээр харах л үлдээд байна.
-Хуулийн албан ёсны тайлбар гаргахад зарчмын өөрчлөлт гарсан гэж сонссон. Та энэ талаар товчхон тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид хууль тогтоомжид заасны дагуу “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” бүрэн эрхээ удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Өмнө нь “Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай” саналаар, тодруулбал, ихэвчлэн хуулийг хэрэглэх явцад бус, харин хэрэглэхээс нь өмнө угтан тайлбарлаж, эрх зүйн харилцааг боловсронгуй болгох бус, харин хууль тогтоох эрх мэдлийн “дутууг дүүргэж, дундуурыг гүйцээдэг” минипарламентын чиг үүргээс татгалзах эрх зүйн үндэс ийнхүү бүрдэж байна.
Хуулийн үг, өгүүлбэр, нэр томъёо, түүний утга найруулгыг бусдын хүсэлтээр болон хууль хэрэглэх явцад өөрсдийн санаачилгаар Улсын Дээд шүүхээс тайлбарлаж ирсэн практик нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хуулийн онолын тайлбар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хэм хэмжээний хамт эрх зүйн эх сурвалж болохын зэрэгцээ хуульчдын онолын мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дөхөмтэй гэдэг нь хэн бүхэнд илэрхий юм.
Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хуулийн албан ёсны тайлбарыг гаргаж буй нь шүүх эрх зүйг бүтээж, шүүн таслах ажиллагаан дахь бас нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна. Иймийн тулд шүүхийн практик, ялангуяа Монгол улсын шүүхийн практикийг судлах, нэгтгэн дүгнэх, бусад улс орнуудын адил төстэй бүрэн эрх бүхий шүүхийн хууль тайлбарлаж буй онол практик, хууль тогтоомжийг судлах нь ихээхэн чухал юм. Нөгөө талаас шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хуулийн онол, практикийн мэдээ мэдээлэл чухал ач холбогдолтой. Бид практик мэдээллээ боловсруулж эхлээд байна. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөл болон түүний бүтэц дэх судалгааны чиг үүрэгтэй нэгж нь бидний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан онолын мэдээлэл бэлтгэн өгөх үүргийг хүлээж байгаа бөгөөд ийм мэдээлэл гарган өгч чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна.
-Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг Улсын Дээд шүүх бүртгэж эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бид багагүй судалгаа хийж, хэрхэн бүртгэх талаарх саналаа боловсруулж, эрх зүйн хэлбэрт буулган, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудад нийцүүлэн 2013 оны 7 дугаар сараас эхлэн дээрх бүртгэлийг хийж эхлээд байна. Хууль тогтоомжид зааснаар хуульчдын нэгдсэн бүртгэл 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал явагдсан бөгөөд үүний дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэх хүсэлтэй хуульчдын өргөдлийг хүлээн авч эхэлсэн юм.
Шүүн таслах ажиллагаанд оролцож буй шүүгчээс бусад хуульчдын үйл ажиллагаа, тэдний мэдлэг, ур чадвар, ёс зүйн зарим асуудал нь шүүхийн нэр хүндэд нөлөөлөх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэх явдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмгөөлөгчийн бүртгэл өмнө нь захиргааны байгууллагад байснаараа өмгөөлөгчийн ёс зүй, өмгөөлөх чиглэл, тэдний мэдлэг, чадвар, хандлагын талаар аль ч шатны шүүх тодорхой хяналт, ойлголтгүй явж ирсэн. Харин Улсын Дээд шүүх өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэснээр өмгөөлөгчийн үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэлтэй болох, ялангуяа хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах өмгөөлөгчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Шүүгчийн хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэхэд өнөөдөр өрнөж буй шинэчлэлийн тодорхой нэг хэсэг нь зориулагдсан бөгөөд энэ нь шүүн таслах ажиллагаанд оролцож буй бусад хуульчдад ч мөн адил хамаарах тул хуульчид нэг стандарт, хариуцлагын нэгдсэн нэг тогтолцоотой болох цаг нь болсон гэж ойлгож байна.
Уг бүртгэл эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд 1200 гаруй хуульч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэн бүртгүүлжээ.
-Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд Улсын Дээд шүүхээс цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Бидний бодсон, боловсруулахаар төлөвлөсөн, хуульд зааснаар хэрэгжүүлэхээр үүрэг болгосон ажил олон байна. Юуны түрүүнд шүүгчдийг эрх зүйн тодорхой асуудлаар мэргэшүүлэх, нийт шүүхүүдийн дотоод хараат бус байдлыг баталгаажуулж, хэрэг хуваарилах, шүүх бүрэлдэхүүнийг томилох зэрэг захиргааны удирдлагын чиг үүргийг тусгаарлах, мэргэжлийн удирдлагын эрх хэмжээг хязгаарлах, хэргийн үйл баримтыг бус зөвхөн эрх зүйн үндэслэлийг хянах, талуудын гомдлоос гадна Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр хэргийг хяналтын журмаар шийдвэрлэх, хуулийн албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах, шүүхийн шийдвэрийн боловсруулалтыг сайжруулах, шүүхийн шийдвэрийг нээлттэй болгох, цахим хуудсанд байрлуулах, шүүгчийн дотоод итгэл үнэмшил, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хийж хэрэгжүүлэх хэрэгцээ байна.
Нөгөө талаар Шүүхийн тухай багц хуульд одоо мөрдөгдөж буй процессийн хуулиуд олон талаараа нийцэхгүй байгаа тул тэдгээрт “шүүхийн шинэтгэл”-ийн үүднээс хандаж, шинэчлэн найруулж, боловсруулах, эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ ч мөн байна.
Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл ч шамдан оролцож, санаачилга гарган ажиллах нь чухал юм.
-Саяхан Х.Тэмүүжин сайд шүүхийн салбарын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Энэ үеэрээ сайд “... зарим хуульд зөрчил байна, түүнийг засах хэрэгтэй” гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр шүүхийн зарим хуулиуд зөрчилтэй гэж үзэж болох уу?
-Хуулийн төсөл өргөн барьсан гэж сонссон. Чухам яг юу нь зөрчилтэй вэ гэдгийг Х.Тэмүүжингээс асуух хэрэгтэй байх. Би буруу ойлгоогүй бол “шүүхийн нэгдмэл байдал”-ыг үндэслэлээ болгосон юм билээ. Гэхдээ төсвийн асуудалд хамаатуулж. Шүүх нэгдмэл байх нь нэн хэрэгцээтэй бөгөөд шүүхэд өөрт нь тустай, ач холбогдол бүхий асуудал юм. Гэхдээ шүүхийн нэгдмэл байдлыг дан ганц захиргааны удирдлагаар нь хэмжиж болохгүй. Шүүгч, шүүн таслах ажиллагаагүй шүүхийн захиргаа оршихгүй шиг шүүхийн захиргаагүй шүүгч, шүүн таслах ажиллагаа гэж үгүй юм. Дурдан буй асуудлуудыг шууд тусгаарлах боломжгүй бөгөөд Шүүхийн тухай багц хуульд шүүгч шүүхийн захиргааны удирдлагын, шүүхийн захиргаа нь шүүн таслах ажиллагаанд их бага хэмжээгээр оролцож буй зохицуулалт цөөнгүй тааралдана. Гэтэл төсвийн буюу байгууллагын ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх хэрэгслийг нь “нэгдмэл байх” гэх агуулгаар хэмжиж буй нь тухайн ойлголтынхоо шалгуурт нь хэр нийцэхийг бодох л хэрэгтэй. Энэ нь шүүх гэх ойлголтыг төсвөөр нь баримжаалж буй бүдүүлэг хэрэг ч байж мэднэ. Харин “шүүх нэгдмэл байх” нь нэгдүгээрт, Үндсэн болон бусад хэм хэмжээнд тусгагдсан нэгдсэн нэг “процесс”-ийн дагуу шүүн таслах ажиллагаа явагддаг. Хоёрдугаарт, хуулиар байгуулагдсан шүүхээс өөр субъект хууль хэрэглэдэггүй байх, гуравдугаарт, хууль хэрэглэх онол, арга зүйн болон практикийн нэгдсэн хэм хэмжээ, жишиг, ойлголттой, дөрөвдүгээрт, нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, зохих журмын дагуу томилогдон ажиллаж буй шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явдал гэж ойлгож байна.
Тиймээс холбогдох хууль тогтоомжид оруулахаар бэлтгэсэн төслүүд нь Үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд агуулга, хэлбэрийн зөрчилтэй эсэхийг дахин нягтлах нь зүйтэй. Энд бас эрх мэдлийн асуудал хөндөгдөж байх тул болгоомжтой хандахад илүүдэхгүй юм. Ер нь хэрэгжиж эхлээгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй нь хэр ухаалаг, зохистой вэ гэдэг талаас нь ч харах хэрэгтэй.
24tsag.mn