
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 5, гал түймрийн зөрчлийн 5, аврах ажиллагаааны 1 дуудлага ирж нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын хашаан дотор төмөр чингэлэгтэй бараа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 20 тонны чингэлэгт бараа шатаж хажуугийн чингэлэгүүдэд тархаж байсныг шуурхай ажиллан унтрааж гал түймрийн аюулаас 31 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х6 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж унтраажээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 46 дугаар байрны орцонд утаа тархсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад уг байрны 2 дугаар давхарт байрлах ресторанд шатааж хэрэглэдэг шавьж устгалын хор шатааж орхисон нь хэрэглээний горим зөрчсөнөөс орцонд хортой утаа тархсан байжээ. Улмаар Аврах шуурхай салбарын тасгийг нэмэлтээр гаргаж орчны байдалд тандалт хийлгэж, утаажилтийн бүсээс 14 иргэнийг гаргаж хорт утаанд хордохоос сэргийлж ажилласан байна.
Хархорин зах дээр гарсан галын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хархорин зах дотор барааны чингэлэг шатаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Ингээд шалгахад Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суух иргэн Т нь өөрийн эзэмшлийн чингэлэгт гагнуур хийж байгаад гал алдаж, дотор байсан эд зүйл болоод хажууд нь байсан чингэлгүүд шатсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)