
Төрийн өмчит компаниудын өрийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг олон тэрбум төгрөгөөр нэмэх бололтой. Саяхан гаалийнхан “УБТЗ” нийгэмлэгээс 11 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “УБТЗ” нийгэмлэгийн удирдлагууд вагон зүтгүүрийн хурд , хүчин чадлыг нэмэх зориулалтаар ОХУ-аас сэлбэг, хэрэгсэл авсан хэмээн бүрдүүлэлт хийж, гаальд мэдүүлсэн байна. Гэвч ОХУ биш өөр улсаас бараа оруулсан талаар эх сурвалжууд хэлж байгаа аж. “Улаанбаатар төмөр зам”-ийн удирдлагууд чухам ямар учраас ийн худал мэдүүлсэн нь ойлгомжтой юм. Учир нь Засгийн газрын тогтоолоор зүтгүүрийн хүчин чадлыг сайжруулахын тулд ОХУ-аас оруулж ирэх зөвхөн техник, сэлбэг хэрэгслийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлсөн байжээ. Гэтэл гаалийн албан тушаалтнууд нийлж БНХАУ-аас гадна Зүүн Өмнөд Азийн 7-8 орноос татварын чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамаарахгүй барааг оруулж ирсэн байна. Ер нь “Улаанбаатар төмөр зам”-аас өмнө нь олон зөрчил илэрч, иргэдийн халааснаас ч овоо хэдэн цаасыг хумсалж байсныг бид мэдээлж байсан. Гагцхүү сүүлийн үед өмнөх зөрчлүүдээ арилгаад байгаа хэмээн ШӨХТГ-аас мэдээлж байсан ч ийн татварын өрөөс зайлхийсэн томоохон асуудалд орооцолдож байгаа бололтой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)