зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэнхэр даатгалын үнэ цэнийг мэдрэх цаг ойртлоо

2013-11-27
0
ЖИРГЭХ

daatga    Бие өвдөж эмнэлэг бараадах болохоороо бид эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийнхээ эрэлд морддог тохиолдол бишгүй. Хэрэг болохгүй үед ширээний нүд, шүүгээ, бичиг цаасны хаа нэгтээ хавчуулж орхидог энэ дэвтэр уг нь эрүүл мэндээ даатгасныг гэрчлэх чухал баримт. Даанч даатгалын дэвтэртэй хэрнээ эмнэлгийн үүдээр ормогц төлбөр мөнгө төлж эхэлдэг учраас цэнхэр дэвтэрт төдийлөн ач холбогдол өгдөггүй байж болох. Зарим хүмүүс үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нь бодоод шууд төлбөрт үйлчилгээг сонгодог. Бид эрүүл мэндээ жил бүхэн даатгаж, цалин, түүнтэй дүйхүйц орлогоосоо шимтгэл төлдөг ч зайлшгүй эрүүл мэндийн хэрэгцээ гарсан үедээ даатгалын ач холбогдлыг мэдэрч чаддаггүй. Тэгвэл даатгуулагчаа хаанд өргөмжилсөн тогтолцоог бий болгох Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл парламентын мэтгэлцээний онцлох сэдэв болох мөч ирээд байна. Хамрах хүрээ, ач холбогдол, хүртээмжээрээ төсвийн ху ультай эн зэрэгцэхүйц уг хуулийн төсөл олон түмэнд хамгийн ойр хууль байх ёстой. Хүн бүрийн эрүүл аж төрөх, эрүүл саруул амьдрахуйн гол хөшүүрэг болох учиртай Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь даатгуулагчийн эрхийг бүхий л төвшинд хамгаалж дээдлэхэд чиглэгджээ. Засгийн газраас өргөн барьсан болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачилсан гурван хуулийн төслийг нэгтгэх замаар ажлын хэсэг хуулийн төслийн гол ноён нурууг босгоод байгаа аж. Энэ хуулийн төсөл батлагдсанаар цэнхэр дэвтрээ хаана ч хамаагүй хадгалдаг, цэнхэр дэвтрийнхээ үнэ цэнийг мэдэрдэггүй өнөөгийн бидний хандлагыг орвонгоор нь өөрчлөх боломжтой юм байна. Цэнхэр дэвтэр цахим картад байраа тавьж өгөхөөс эхлээд эмнэлгээ шатлал дотроо сонгож үйлчлэх эрхээр хангагдах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хүлээж суух бус даатгуулагчийг өөртөө татахын төлөө ажилладаг, тэр хэрээр өрсөлдөөн бий болж үйлчилгээ сайжрах боломжтой. Түүнчлэн өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ болон эрхтэн шилжүүлэх эмчилгээ, нөхөн сэргээх зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг иргэд эдэлнэ.

Өнөөдөр эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээнд сэтгэл дундуур яваад байдгийн гол шалтгаан нь эрүүл мэндийн даатгал төлсний хариу үйлчилгээг иргэнд бүрэн утгаар нь хүргээгүйтэй  олон талаараа холбоотой. Харин шинэ хуулиар жинхэнэ хөрсөндөө буусан, даатгуулагчийн эрэлт хэрэгцээг хангасан байхаар хуульчлах зорилгыг хууль санаачлагчид өмнөө тавьжээ.

Нөгөө талаар эрүүл мэндийн даатгал эзэндээ хүрсэн тохиолдолд хилийн чанад руу урсдаг мөнгөн урсгал ч саарах сайн талтай. Энэхүү санаачлагын эхлэлүүд ч тавигдаж эхэлсэн байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлснээр өндөр өртөгтэй мэс заслын зарим тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай аж. Тиймээс Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаал гаргаж энэ асуудлыг шийдэхээр талууд ярилцаж байгаа юм байна.  Мөн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний тариф ирэх оноос шинэчлэгдэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалд ямар ч гэсэн шинэ салхи сэвэлзэж эхэллээ. Шинэчлэлийн энэхүү түрлэг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар улам баталгаажина.

Даатгал төлдөг боловч тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээ огт авдаггүй бие сайтай иргэд олон бий. Тийм иргэдийг үйлчилгээний гадна орхих бус эрүүл мэндээ сахин хамгаалсных нь төлөө төлсөн даатгалынх нь тодорхой хувиар урамшуулах, эсвэл спорт клуб, фитнессээр хичээллэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бололцоог энэ хуулиар бий болгох ажээ. Эсвэл байнгын эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай гэр бүлийнх нь гишүүнд тухайн хүний хэрэглээгүй санхүүжилтээс шилжүүлж зарцуулдаг жишгийг тогтоох зарчмыг хууль санаачлагчид баримталсан байна. Энэ бол яах аргагүй хүнлэг зохицуулалт юм. Хүндээ ойртсон, эзэндээ ээлтэй хууль батлагдаж амьдралд хэрэгжиж эхлэх цаг ойртож байна. Хэлэлцүүлгийн явцад ч төсөл улам чамбайрах ёстой. Харин иргэн таны санал хуулийн төслийн хэлэлцүүлэгт хамгийн үнэ цэнтэй байх болно. Өөрийнхөө төлөө, эрүүл мэндийнхээ төлөө та дуугарах цаг болсон.

 Энэ талаар хэн юу хэлэв?

батцэрэгУИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Эрүүл мэндийн даатгалын хөрөнгө зарцуулалтын асуудалд анхаарах хэрэгтэй

УИХ шинэчлэлийн Засгийн газрын нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг баталж өгөхдөө салбар бүрт тулгамдсан асуудлыг яаж шийдэх вэ, тулгамдсан асуудал шийдсэний дараах үр дүнг харгалзан үзсэн. Үүний дотор эрүүл мэндийн салбарын шинэчлэл мөн тулгамдсан асуудлын нэг юм. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа бол эрүүл мэндийн даатгалын хөрөнгө зарцуулалтын асуудалд анхаарах хэрэгтэй. Сая 2014 оны төсөв батлагдлаа. Төсөв дотор эрүүл мэндийн даатгалын талаар Засгийн газрын оруулж ирсэн үзүүлэлтүүдийг хангаж УИХ баталж өгсөн. Эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн хагалгаа буюу зүрх, бөөр, нуруу нугас, тархины гэмтлийн хагалгаа олноор хийгдэж байгаа. Ялангуяа нуруунд диск, зүрхэнд хавхлага суулгах мэс заслууд нэлээд нэвтэрч орж байна. Тэр болгоны төлбөрийг иргэд төлөх шаардлагатай болдог. Тиймээс “Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ төлбөрийг гаргуулж болохгүй юу” гэж иргэд их асуудаг боллоо. Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр зөвшилцөж хамтарсан тушаалд гарын үсэг зурахад бэлэн болсон гэсэн мэдээлэл авсан. Хэрвээ сайд нар журмаа гаргаад явбал цаашдаа эрүүл мэндийн даатгалын санд төсвөөс нэмэлт эх үүсвэр оруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд шинэ зүйл заалт оруулж зохицуулах бололцоотой юм. Эрүүл мэндийн салбарынхны өгч байгаа мэдээллээр жилд ойролцоогоор есөн тэрбум төгрөг өгвөл иргэд нарийн мэргэжлийн мэс ажилбаруудын төлбөрөөс чөлөөлөх боломж бүрдэх юм билээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Даатгуулагч иргэд үр шимийг нь хүртэж эхэлнэбаярсайхан

Эрүүл мэндийн даатгалын сан хоёр яамны дунд, аль яаманд бүрэн харьяалагдах вэ гэдэг нь тодорхой болоогүй байдаг. Энэ утгаараа ажил давхардах, хяналт сулрах талтай. Цаашид ямар байх вэ гэдэг чухал асуудал гарч ирж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ил тод, нээлттэй байх ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад төрийн бус байгууллага, олон нийт, мөн төрийн оролцоо зайлшгүй байх ёстой. Үнэхээр энэ тогтолцоог либерал, үр дүнтэй байлгахын тулд уг салбарт эрүүл мэндийн даатгалын хувийн байгууллагуудын өрсөлдөөнийг бий болгох ёстой. Өрсөлдөөний үр дүнд хамгийн гол нь даатгуулагч иргэд үр шимийг нь хүртэж эхэлнэ. Иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалж явсных нь төлөө тухайн иргэнд урамшуулал өгөх ёстой.

ганбаатарУИХ-ын гишүүн С.Ганбаатар: Мөнгөө төлсөн хүн хөгжим захиалдаг болно

Хуулийн төсөлд орж буй зарчмын гол өөрчлөлтүүд юу вэ?
Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ авна гээд даатгалд өгсөн мөнгөнийхөө оронд иргэд чанартай үйлчилгээ авч байна уу гэвэл үгүй. Эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүс муу үйлчилгээ авбал хариуцлага тооцдог засаглалын эрх мэдлийг даатгуулагчдад өгье гэдэг санааг шинэ хуулиар хөндөж байгаа юм. Эрүүл мэндийн даатгал яах гэж бий болсон бэ гэвэл хэзээ нэг цагт хэлж биш хийсч ирдэг өвчин тусах хэцүү үед санхүүгийн эрсдэл­гүй байя гэж гаргасан хууль. Энэ яаж хагалгаа хийж, хэрхэн онош тавьж, яаж хагалгаа хийх вэ гэдгийг ярьдаг­гүй хууль.  Гэтэл өнөөдөр яаж байна вэ гэхээр таныг санхүүгийн эрсдэлд  оруулж байна шүү дээ. Насаараа даатгалд мөнгө төлчихөөд хэн нэг нь өвчин тусвал хамаатан даяараа бужигнаж байгаа. Одоо эрүүл мэндийн тогтолцоо юун дээр тогтож байна вэ гэвэл бие биеийнхээ хайр дээр тогтож байгаа. Хамаатнууд нийлж байраа зардаг, дахиад хэн нэгийнх нь зардаг. Хамгийн сүүлд нь тэр хүнээ алддаг. Даатгал өнөөдөр улам нэр хүндгүй, хүмүүс бүр өгөхгүй болох гээд байна шүү дээ. Үүн дээр гаргалгаа нь юу юм бэ. Эрүүл мэндийн даатгалд ямар өвчин, онош, эмчилгээ үйлчилгээ, эмнэлгийн бүтээгдэхүүн, ямар үнээр хамрагдах вэ гэдгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дээр шийдье гэж байгаа юм. Даатгал төлж байгаагийн үнэ цэнийг мэдэрье. Өгч байгаа мөнгөний араас хариуцлага тооцдог даатгал төлөгчдийн засаглалыг нэмэгдүүлье гэдэг нь энэ хуулийн гол санаа юм.

Эрүүл мэндийн даатгалд жилдээ хэчнээн төгрөг эргэлдэж байна вэ?


Хүмүүс эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг улсын байгууллага гэж ойлгодог. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын газар бол төсвөөс санхүүждэггүй, даатгал төлөгчдийн шимтгэлийн дөрвөн хувиар санхүүждэг. Жилдээ 180 тэрбум төгрөгийг “Надад сайн эрүүл  мэндийн үйлчилгээ үзүүлээрэй” гэж энэ байгууллагуудад өгдөг. Тэр үндсэн дээр эмнэлгүүдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээний худалдан авалт хийдэг. Энэ процесс өөрөө сайд нарын улстөрчдийн халаасанд орчихоод байна. Энэ байгууллагыг даатгуулагчдын мэдэлд байлгах ёстой. Энэ байгууллага нам, улстөр, бүлэг фракцаас хараат бус байх ёстой. Энэ бол хуулийн амин сүнс нь. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд үр дүн, хариуцлага хангалтгүй байна. Эмнэлгүүд бидний мөнгийг дунд нь брокердож байгаа сайд, дарга нарт хөлөө хугалах шахам гүйх биш тэр мөнгийг жинхэнэ эзэд буюу даатгуулагчдад өгч бөхийж ажиллах тогтолцоог хүсч байна.

Энэ хууль гарч ирснээр иргэн надад ямар үр дүн авчрах вэ?

Мөнгөө төлсөн хүн хөгжим захиалдаг болно. Ямар эмчилгээ, үйлчилгээг ямар үнэ тарифаар авах вэ гэдгийг даатгуулагчид өөрсдөө мэддэг болно. 180 тэрбум төгрөгийн 140 тэрбумыг бид ашиглаж чаддаггүй. Энэ бол хадгаламж зээлийн хоршоо биш. Энэ мөнгийг аль банкинд, ямар хүүтэй­гээр хадгалж байгааг хэн ч мэдэхгүй. Зурагт болго­ноор л нэг хүүхэд өвдсөн, эх шаналсан дүр зураг гарч байна. Монгол орон даяараа сэтгэл өвдөж байна шүү дээ. Эрхтэн шилжүүлэн суулгах гэх өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээг өнгөрсөн жил гарсан тоогоор нь дэлхийн хэмжээний хамгийн чанартай үйлчилгээний зардлаар тооцоход есөн тэрбум төгрөг гарч байгаа юм. Тэгэхээр монголчууд өндөр өртөгтэй хагалгааг 100 хувь шийдэх боломжтой байхад зөвхөн энэ хууль саад болж байгаа юм.  Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатга­лын тухай хууль  бол олон хүний ашиг сонирхол, амь амьдралтай хол­боотой хууль. Амин чухал хэрэг­цээтэй зүйлээ ард түмэн дэрхийтэл дэмжих хэрэгтэй байгаа. Нэг сайн зүйл гэвэл манай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гурав Эрүүл мэндийн даатгалын газрыг бие даалгах хэрэгтэй гэдэгт зарчмын хувьд нэгдэж байгаа. Гэхдээ та бүхний дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна.

эрдэнэС.Эрдэнэ: Эрүүл мэндийн даатгалын салбарт 100 хувь өөрчлөлт хийгдэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг юм.

Эрүүл мэндийн даатгалд засаглалын асуудал онцгой байр суурь эзэлдэг. Энэ асуудлыг шийдэх ямар гарцууд хуулийн төсөлд тусгагдсан бэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон миний санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгэх замаар боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж байгаа. Хуулийн гол үзэл санаа бол эрүүл мэндийн даатгалын засаглалын асуудалд чиглэж байгаа. Энэ талаархи ойлголт олон янз. Эрүүл мэндийн даатгал ямар засаглалтай байх вэ, энэ мөнгө төрийнх үү, эсвэл даатгуулагчдын мөнгө үү гэсэн асуудал байнга гардаг. Одоогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн Нийгмийн даатгалын сан гэсэн бие даасан хэлбэрээр явж байгаа. Нийгмийн даатгалын таван төрлийн сан байдгийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын сан юм. Эрүүл мэндийн даатгалын сан цаашдаа бие даасан хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага байгаа. Засаглалын хувьд УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулдаг. Энэ зөвлөл эрүүл мэндийн даатгалын бүтэц, зохион байгуулалт, даатгалын сангийн менежмент, хуваарилалтыг хариуцдаг, тэндээс шийдвэр гаргадаг, гарсан шийдвэр нь эрүүл мэндийн даатгалын системд хэрэгждэг ийм тогтолцоотой ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн даатгал яваандаа цэвэр бие даасан байгууллага болох ёстой.

Үндэсний зөвлөлд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах төлөөллийн оролцоо ямар төвшинд байгаа вэ?

Эрүүл мэндийн даатгалд ажил олгогч, даатгуулагч, Засгийн газар гэсэн гурван талын оролцоо бий. Энэ гурван оролцогчийн төлөөлөл эн тэнцүү байх ёстой.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдвэл иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн гарах уу?

Би 100 хувь өөрчлөлт хийгдэнэ гэж харж байгаа. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын хууль болон үйлчилгээ нь даатгуулагчаас хол, даатгуулагчийн оролцоогүй, даатгуулагчаас үл хамаарсан байдалтай явж байгаа. Ийм байгаа болохоор иргэд маш их гомдол санал гаргадаг. Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ эрэлт хэрэгцээ, хүсэлт шаардлагыг хангахгүй байна гэж хэлдэг. Энэ бол зүй ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчаа хаанд өргөмжилсөн хууль батлагдана. Бүх  санхүүжилт, мониторинг, үйл ажиллагаа зөвхөн даатгуулагчаар дамжиж явагддаг ийм тогтолцоонд шилжинэ. Ингэж байж эрүүл мэндийн салбар цэвэр өрсөлдөөний хэлбэрт шилжинэ. Энэ салбарт шинэчлэл өөрчлөлт явагдана.

Одоогийн байдлаар даатгуулагчийн төлсөн мөнгөний дийлэнх нь эмнэлгүүдийг санхүүжүүлдэг. Энэ тогтолцоо яаж өөрчлөгдөх бол?

Өнөөдөр даатгалын санхүүжилтийн 70 хувийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр урьдчилгаа хэлбэрээр төрийн монополь эмнэлгүүдэд шууд олгодог. Дээр нь эрүүл мэндийн салбарт хуваарилж буй төсвийн мөнгийг шууд олгож байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн удирдлагад “Хэн нэгэн Дорж, Дулмаагийн мөнгийг авч хэрэглэж байгаа шүү, тэдний мөнгөөр цалинжиж байгаа, урсгал зардлаа төлж байгаа шүү” гэсэн ойлголт төрүүлдэггүй. Социализмын үеийн төсвийн зардлаар амьдарч байна гэсэн ойлголт нь хэвээр яваад байдаг. Гэтэл Бат, Дорж маань эрүүл мэндийн даатгалаа төлөөд байгаа хэрнээ эмнэлгийн үүдээр оронгуутаа наад захын шээсний шинжилгээнд мөнгө төлж эхэлдэг. Өнөөх даатгуулсны ач холбогдол хаана байна гэж иргэд асуудаг нь үнэн хэрэгтээ зөв л дөө. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, зөвхөн гүйцэтгэлээр төлбөр хийгдэнэ. Хоёрдугаарт, даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгох эрхтэй болно. Өнөөгийн жишгээр бол тодорхой хамрах хүрээ тогтоосон, тэр хүрээнд л эмнэлгүүд үйлчилдэг. Өөр эмнэлэгт үзүүлж болдоггүй, янз бүрийн бичиг баримт шаарддаг. Даатгуулагч эрүүл мэндийн цахим карттай болно. Тийм карттай болсон иргэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газраас магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий ямар ч эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй болно гэсэн үг. Жишээ нь, нийслэлийн нэг иргэн Дарханд явж байгаад гэнэт бие нь муудвал тус аймгийн аль ч эмнэлэгт цахим картаараа үйлчлүүлэх эрхтэй болж байгаа юм.

Ингэснээр даатгуулагч эмчилгээ, үйлчилгээгээ сонгодог, хэн нэгний тулган шаардалтад автахгүй болно. Өөрөөр хэлбэл, Тайланд, Сөүлд очоод аль эмнэлгээр үйлчлүүлэхээ өөрөө сонгодогтой адил эрхээ эдэлж байна гэсэн үг. Энэ нь даатгуулагчийн хувьд эх орондоо хүссэн эмчилгээ, үйлчилгээгээ авах боломжийг нээж өгч байгаа. “Тэр эмнэлэг сайн юм гэнэ лээ” гээд танил тал, бусдын гар харах шаардлагагүй болно. Даатгуулагч эмчилгээ, үйлчилгээ аваад түүнд сэтгэл ханамжтайгаа илэрхийлээд гарын үсэг зурмагц хөндлөнгийн мониторингийн байгууллага хянаад төлбөр хийхэд саадгүй гэсэн командыг эрүүл мэндийн даатгалын санд өгөхөд л даатгуулагчийн гүйцэтгэлээр нь тухайн эмнэлийн дансанд шилжүүлнэ. Энэ нь даатгуулагч сангийнхаа мөнгийг захиран зарцуулах эрхээ эдэлж байна гэсэн үг. Гуравдугаарт, даатгуулагч тухайн жилдээ эмнэлэгт огт үзүүлээгүй, хуулиар олгогдсон эрхээ эдлээгүй байлаа гэж бодъё. Гэтэл тэр хүний ар гэрт байнгын эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай өвчтэй хүн байж болно. Энэ хүний авах ёстой эмчилгээ, үйлчилгээний зардал авах дууссан тохиолдолд эмчилгээ, үйлчилгээ огт аваагүй гэр бүлийн хүнийхээ зардлыг шилжүүлж зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгаж өгч байгаа. Ингэснээр өрхийн даатгал руу нэг алхам урагшилж байгаа юм. Энэ бол даатгуулагчдын эрхийг хамгаалсан том алхам.

Дөрөвдүгээрт, зөвхөн өвдсөн хойно нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлсэн, өвчлөхгүй байхад чиглэсэн урамшууллын арга хэмжээг тусгаж өгсөн. Жишээ нь явган аялал, спорт клуб, фитнесст хичээллэсэн бол тухайн даатгуулагчид тухайн жилийн нийт санхүүжилтийн 10 хувийг урамшуулал болгож олгож болно. Жишээ нь, 1.3 сая төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй даатгуулагч тухайн жилд өвчлөөгүй, дээр нь фитнесс клубт хичээллэсэн бол 10 хувь буюу 130 мянган төгрөгийг урамшуулал болгох өгөх заалтыг төсөлд тусгалаа. Нэг талаар спортын байгууллагуудад дэмжлэг болно. Нөгөө талаас даатгуулагчид эрүүл мэнддээ анхаарах хөшүүрэг болно.

Даатгуулагч иргэнд үнэхээр ашигтай, эрх ашгийг нь эн тэргүүнд тавьсан хууль батлагдах юм байна. Харин энэ үйлчилгээг өгч байгаа эмнэлгийн эмч, ажилтнуудад яаж нөлөөлөх вэ?

Эмнэлгийн эмч, ажилтнуудад маш том эерэг боломжийг бүрдүүлж өгч байгаа. Эмнэлгүүд даатгалаас орж байгаа мөнгийг тогтмол хувьсах зардал хэлбэрээр авчихаар эмч нарт ямар ч өрсөлдөх сонирхол төрдөггүй. Төсвийн мөнгөөр тухайн жилээ аргацаагаад л өнгөрөөдөг. Даатгуулагчаар дамжуулаад санхүүжилт олгогдож эхэлбэл эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөн бий болж эхэлнэ. Хэн илүү олон даатгуулагчийг өөртөө татаж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадна төдий хэмжээний санхүүжилт авна. Даатгуулагч татаж чадаагүй эмнэлэг дампуурна биз дээ. Тэгэхээр тухайн эмнэлгүүд жинхэнэ өрсөлдөх чадвараа бий болгохын төлөө ажиллаж эхэлнэ. Орчноо сайжруулна, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, эмч, сувилагчдаа чадавхжуулна, сайн эмч, сувилагчаа барьж тогтоох шаардлага гарна, үүний тулд цалинг нь нэмнэ, нийгмийн асуудлыг нь шийднэ. Жишээ нь, хөгжилтэй улс орнуудад эмч гэдэг мэргэжил маш өндөр үнэлэгддэг. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл мөн үүнтэй адил үнэлэгдэж эхэлнэ. Өнөөдөр сайн эмч, муу эмч ялгаагүй сүлжээгээр нэгэн адил цалинждаг. Өрсөлдөөн байхгүй учраас сайн ч, муу ч ажилласан ижил цалин авдаг. Харин шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр эмч, ажилтнууд хөдөмөрийн үнэлэмжээ бодитоор үнэлүүлэх боломж бүрдэнэ.

Хувийн хэвшлийн оролцоог ямар төвшинд авч үзэж байгаа вэ?

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог бодитой бий болгох асуудал хөндөөгүй байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын салбар хуучин тогтолцоогоор байна. Бүх л бүтэн тогтолцооны шинэчлэл хийх гэж байгаа учраас бүх зүйлийг хамж оруулах бололцоо одоогоор алга байна. Шилжилтийн явцад өмчийн олон хэлбэрийг бий болгох зорилт тавьж байгаа. Харин нэг зүйл тодорхой болж байгаа нь Өрсөлдөөнд хувийн, төрийн эмнэлгийн ялгаа байхгүй болно. Даатгуулагчдаа хэн нь илүү үйлчилсэн нь санхүүжилтээ илүү авна. Тэр хэмжээгээр бэхжиж үйл ажиллагаа нь дэвжинэ. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт реформ хийгдэнэ, эрүүл мэндийн даатгалд шинэчлэл авчирна гэж онцолж хэлмээр байна.

Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр гурван сайд ярилцаж байгаа гэсэн. Энэ ажлын явц ямар байгаа вэ?

Яригдаж байгаа. Эцсийн шийд гараагүй байна. Төсвөө харж байж ярилцана. Эрүүл мэндийн даатгалын салбар хэн дуртай нь халбагаддаг хоол биш. Энэ бол таны, миний мөнгө. Та бид хоёр эрүүл мэндийн ямар нэг эрсдэлд орсон тохиолдолд та бид хоёрт зарцуулах ёстой мөнгө. Гэтэл санд нь үлдэгдэл байна, авч ашиглая гэдэг байдлаар хандаж болохгүй. Өнөөдөр гэнэт байгалийн гамшиг тохиолдож, газар хөдөлбөл яах вэ. Олон хүний амь нас эрсдэлд орлоо гэхэд хэн тэр үйлчилгээг хариуцах, хэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, хоол хүнсээр хангах вэ. Тэгэхээр эрсдэлийн сан заавал байх ёстой.

Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл хүнд өвчтэй олон хүнд амьдрал хайрлана гэдэг утгаараа их буянтай үйлс болох нь ээ?

Сүүлийн үед хорт хавдраар өвчлөхөөс эхлээд шинэ төрлийн өвчин их гарч байгаа. Ялангуяа саажилттай, зүрхний төрөлхийн цоорхойтой, уушиг, дотор эрхтний эмгэгтэй хүүхэд төрөх хандлага нэмэгдэж байна. Өвчтэй нэгнээ нэг ч гэсэн хоног амьд яваасай гэж хэн ч хүснэ шүү дээ. Тэр хүслийг хангах гол хүчин зүйл нь мөнгө санхүү. Гэтэл тэр үйлчилгээг авах гэхээр мөнгөний бололцоо байдаггүй. Үүнээс болж маш олон иргэн амь насаа алдах эрсдэлтэй нүүр тулж байна. Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээ санхүүжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг яаж шийдэх талаар гурван яамны хамтарсан яриа хэлэлцээ явагдаж байна. Манай яамнаас  есөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудал яригдаж байгаа. Энэ жил нийгмийн даатгалын сангийн төвлөрүүлэх орлого 22 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны төлөвлөгөө 980 тэрбум төгрөг байсан бол нэг их наяд 240 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Бид 14 хувиар нэмэх тооцоо оруулсан. Есөн тэрбум төгрөг их мөнгөтэй харьцуулбал  бага мөнгө л дөө. Гэхдээ мөнгөн дүн утгаараа авч үзвэл нэг аймгийн бүтэн жилийн урсгал зардалтай тэнцэхүйц мөнгө. Бид аль болох боломжтой талаас нь шийднэ. Өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээний санхүүжилтийн асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэдгийг маш сайн ойлгож байгаа.

Эх сурвалж: www.aravt.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.194.104)
    Одоо бол эмч нар өвчтнөө хүн гэж үзэхгүй шахуу л юм болчихоод байгаа Яагаад тэгдгийг нь мэдэхгүй юм даа Бодвол энэ даатгал мөнгө төгрөгтэй холбоотой юм байх даа Хүнийг хүн гэж үздэг болох талаас нь бүх зүйлийг хийгээсэй
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    12 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    15 цаг 28 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК