
Тавантолгой Цахилгаан Станц Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан орон нутагт ажиллалаа. Энэ үеэр Өмнөговь аймаг, Цогт-Овоо, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын удирдлагуудад төслийн явц болон Орон нутаг, Төслийн нэгжийн хамтран хийх ажлын талаар танилцуулсан юм. Уулзалтад Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Цогт-Овоо сумын Засаг дарга С.Төгсбаатар, Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд, Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий нар оролцлоо. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Монгол орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэдэг нь Өмнөговьчууд бидний нэр төрийн хэрэг. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө аймаг, сум, багийн удирдлагууд хамтарч ажиллах болно” гэсэн юм. Үүний дараа Өмнөговь аймаг болон Төслийн нэгжийн хооронд төслийг хамтран хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа гэж мэдээллээ.
24tsag.mn