
Нутагтаа зохион байгуулсан уг тэмцээнд манай эмэгтэй тамирчид урамтай сайхан барилдаж багаараа тэргүүн байр эзэлсэн.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэж, түрүүлэн Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Тэрбээр энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Харин 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч дөрвөн онооны илүү явсан ч Казахстаны бөхийн дархан мэхэнд орж мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов.
72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө илүүрхэн хожиж Азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа Залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.
24tsag.mn