
“Японы улс төрийн ертөнцийн загалмайлсан эх” хочит Абэ Кэйко буюу одоогийн Ерөнхий сайд Абэ Шинзогийн ээж энэ сарын 18-наас Монголд айлчлах гэж байна. Одоо 86 настай түүнийг ямар учраас Монголд ирэх гэж байгаа талаар Японы хэвлэлүүд ихээхэн онцолж байгаа аж. Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар ахиц гарахгүй байгаа тул хүүдээ туслахаар Абэ Кэйко Монголд ирж байна гэж зарим хэвлэлд бичсэн байна. Учир нь хулгайлагдсан иргэдийг хариуцсан Хойд Солонгосын сайд дарга нар удахгүй Монголд ирэх гэж байгаа аж. Тодруулбал Абэ Кэйког ирээд буцсаны дараа Хойд Солонгос, Японы төлөөлөгч нар Монголд уулзалдах юм. Мөн зарим хэвлэлд Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилна гэсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайдын гэрт зочлон, зоог барьж байсан удаатай. Тэр үед Абэ Кэйкотой танилцан, Монголд урьсан байх магадлалтай аж.
Т.Энхэлээ