
UBS телевизийн санаачлан хэрэгжүүлж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн сурвалжлах багууд эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж, залуусын санаа бодол, ажил амьдралтай танилцахын зэрэгцээ төслийнхөө ач холбогдлыг танилцуулж явна. Энэ удаад Говь-алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Тайшир-Гуулин усан цахилгаан станцад зочиллоо. Хоёр аймгийн 29 сумыг цахилгаан, эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий эл станцыг Завхан голоос эх авч, голын усыг боох замаар тус аймагт орших Гэгээн хиймэл нуурыг үүсгэж байгуулсан байна. Бүтээн байгуулалт өрнөж хөгжил дэвшил цэцэглэж буй алтай нутгийн залуус өөдрөг тэмүүллээр дүүрэн ажиллаж, амьдарч байна.