
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн хүч үзэх манай улсын багийн бүрэлдэхүүн тодорсон ба багийг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон билээ. Харин маргаантай байсан 57 кг-ын жинд ОУХМ Б.Номинг явуулах шийдвэр гараад байсан ч Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж уг шийдвэрээ өөрчилжээ. Ингэснээр Э.Бэхбаяр ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдахаар болж буй юм.
Б.Номингийн хувьд эрүүл мэндийн байдал, хөлний бэртэл зэргээс шалтгаалж, энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих нь дээр гэсэн дүгнэлтийг шигшээ багийн дасгалжуулагчид болон эмч нар гаргасан байна. Үүнийг нь Монголын чөлөөт бөхийн холбоо харгалзан үзжээ.
Тэмцээний 61 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 65 кг-д МУГТ Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ Б.Анхбаяр нар хүч сорино. Мөн 74 кг-ын жингийн ангилалд ОУХМ П.Өнөрбат, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат нар барилдана. Эрэгтэй багийн дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр Б.Баяраа, МУГТ О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар оролцоно. Манай тамирчид ирэх есдүгээр сарын 1-ний өдөр Ташкентыг зорих юм.
24tsag.mn