
Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 11-4 ангид сурдаг тэрээр бага байхын бөхийн спортод сонирхолтой хүүхэд байжээ. Аав нь бөхөд их дуртай гэнэ. Тэрээр ярихдаа “Дөрвөн жилийн өмнө Налайх дүүргийн уугуул н.Батцэцэг эгч Залуучуудын олимпийн наадмаас анхны алтан медалийг авчирч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болж олимпоос алтан медаль авна гэдэг хүсэл мөрөөдлийг тээж 2010 онд Мөнхбаяр багшдаа шавь орж байлаа. 2010 оноос хойш 4 жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж, багштайгаа хамт олимпд бэлдсэн” хэмээсэн юм.
Түүний амжилтаас дурьдвал 2012 онд улсын аваргын 42 кг-ийн жин түрүүлсэн, 2013 онд хүрэл медаль, 2014 онд алт авсан. Мөн 2012 онд Өсвөрийн дэлхийн аваргад оролцоод шагналт байранд орж байлаа. Сахагийн хүүхдийн их наадам, монгол туургатны хүүхдийн их наадамд түрүүлж байсан. Тайландад болсон Азийн аваргаас хүрэл медаль авсан амжилтуудтай юм байна.