Хятадууд барууны орнуудад ихэд алдаршсан мэргэжлийн бух унаачдын тэмцээнийг нутагшуулахаар шийджээ. Үүний тулд эхлээд бух унаачдыг тусгайлан бэлдэж эхэлсэн байна. Энэхүү үйл ажиллагааг тэмээн хяруул импортлогч байсан баян хятад эр Жеймс Ван зохион байгуулж эхэлжээ. Тэрээр бух унахыг АНУ-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг болгосон “Professional Bull Riders” компанитай гэрээ хийж, энэ жил Хятадын гурван жуулчны хотод тэмцээн зохиох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жеймс Ван Австралиас 90 бухыг хоёр сая гаруй ам доллараар худалдан авсан байна. Мөн тэндээс бух унаачдыг бэлтгэх мэргэжлийн дасгалжуулагч, нутгаасаа унаачид суралцах хятад эрсийг хөлсөлжээ. Тэрээр “Хятадын мэргэжлийн бух унаачдын холбоо”-г байгуулсан бөгөөд ирэх наймдугаар сард цинтао шар айргаар алдартай Киндао мужид томоохон тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хэдийгээр Засгийн газар Жеймс Ванд орон нутгийн цэнгэлдэх хүрээлэнг ашиглах зөвшөөрөл өгөхгүй байгаа ч тэрээр “Хятадын мэргэжлийн бух унаачдын холбоо” 2015 он гэхэд аялал жуулчдад тэсрэлт хийх болно гэж үзэж байна. Хятадын хамгийн том нийгмийн сүлжээ болох Вейбод түүний хуудас 10 мянга гаруй феньтэй болсныг онцолж байгаа юм.
Жеймс Ван нэг унаачид жилд 8100-16200 ам.долларын цалин амлаж байгаа аж. Тэрээр АНУ-ын Техаст 10 жил амьдрахдаа ковбойчуудын тэмцээнд дуртай болсон бөгөөд хэдийгээр хятадууд ковбой хэв маягийн соёлгүй ч суралцах боломжтой гэж үзсэн учраас бух унах тэмцээнийг нутагтаа үүсгэхээр болжээ.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)