АНУ-ын Хавайн хамгийн том арал дээр орших Килауэа галт уулаас урссан лава тосгонд 65 метр дөхөж иржээ. Замдаа таарсан бүхнийг шатаах халуун лава алгуур урссаар тосгонд улам ойртож байгааг Хавайн арлуудын албаныхан мэдээлэв. Хавайн албаныхан галт уулын лава урсаж буй чиглэл дэх Пахоа тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Тус тосгонд 800 орчим хүн оршин суудаг аж.


Гал сөнөөгчид өдөрт 10 мянган автомашин зорчдог Хавайн 130-р хурдны замыг лаваас хамгаалах арга хэмжээ авсан байна. Хавайн 130-р хурдны зам лавад идэгдсэнээр 8000 орчим хүн боогдох аюултай аж.

























































