14 настай Нигерь охиныг 35-тай нөхрийнхөө хоолонд хархны хор хийж, хөнөөсөн хэрэгт буруутган шүүж буйг тус улсын прокурорууд мэдээлэв. Нигерийн хойд хэсэгт амьдардаг Васила Тасиу омгийнхон лалын шашны эртний уламжлалын дагуу бага насны охидыг хөгшин эртэй гэрлүүлдэг байна.Бяцхан сүйт бүсгүйд холбогдох хэргийг Кано хотын Гезава дахь дээд шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэж магадгүй гэж ахлах прокурор Ламидо Абба ярьжээ. Охин нөхрийнхөө гэрт очсоноос хойш 14 хоногийн дараа дээрх хэргийг үйлдсэн байна.
Нигерьт цэргийн дарангуйлагч Сана Абачагийн дэглэм тогтож байх үед буюу 1997 онд балчир хүүхдийг цаазаар авахыг хориглосон юм. Тиймээс Христийн шашинтнуудын оршин суудаг Нигерийн өмнөд мужийн шүүгчид охиныг ч мөн хохирогч гэж үзэж байгаа тул нийгэмшүүлэх шаардлагатай гэв. Учир нь түүнийг хүчээр гэрлүүлж, 35 настай нөхөр нь удаа дараа хүчиндсэн гэнэ. Харин охины эцэг, эх уламжлалаа дагаж хүчээр гэрлүүлээгүй хэмээн мэлзсээр байгаа ажээ.
Нигерийн хуулиар 21 нас хүрээгүй бол эцэг, эхээсээ заавал зөвшөөрөл авч байж гэр бүл болох ёстой юм. Гэтэл лалын шашинтнуудын амьдардаг 12 мужид 17 нас хүрээгүй охидыг гэрлүүлэх явдал тасрахгүй байна.






















































