
Сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг өнөөдөр БНХАУ –ын багтай тоглож 52:66 –ийн харьцаатай хожигдсон байна. Азийн оюутны аварга шалгаруулах тус тэмцээнд нийт 10 орны баг тамирчид оролцож байгаа юм. Манай улс өнгөрсөн 2010 онд оролцохдоо хүрэл медаль авч байсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулах зорилготой залуучуудын шигшээ маань эхний тоглолтоо хүчирхэг урд хөршийн багтай хийж нэлээдгүй ширүүн өрсөлдөөн өрнүүлжээ. Багийн ахлагчаар Д.Гоошоохүү, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, туслах дасгалжуулагчаар Д.Өсөхбаяр нар ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо Г.Чинбат, Б.Тамжид, Э.Билэгт, А.Бямбадорж нарын 17-25 насны тамирчид багтаж байна. Манай улсын шигшээ баг дараагийн тоглолтоо Макао болон Тайванийн шигшээтэй хийнэ.