
Аваргуудын лигийн хэсгийн дөрөв дэх тойргын зарим тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эдгээрээс Реал Мадрид болон Ливерпүүл клубын тоглолт Испанид болж талбайн эзэд 1:0 –ээр өрсөлдөгчөө буулган авчээ. Ингэснээр өнгөрсөн жилийн аваргууд 12 оноотой болж хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Харин дөрвөн жилийн дараа аваргуудын лигт дахин тоглож буй Ливерпүүлчүүд гурван оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж явна. Өнгөрсөн шөнийн тоглолтонд Стерлинг, Жеррард, Балотелли, Хендерсон, Коутиньо зэрэг топ тоглогчдоо гараанд гаргаагүй Ливерпүүлийн дасгалжуулагч Брэндан Роджерс ихээхэн шүүмжлэлд өртөж байна.