Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэн Тодд Миллер, Кеннет Бэй нар хорих ялаас чөлөөлөгдөж, эх орондоо иржээ. АНУ-ын эрх баригчид Хойд Солонгост биечлэн очиж албаны хүмүүстэй шууд яриа хэлэлцээр хийсний үр дүнд тэд ийнхүү суллагдсан байна. Америк гаралтай солонгос номлогч болох Кеннет Бэй Хойд Солонгосын Засгийн газрыг унагах зорилготой хэт экстремист утга бүхий уран зохиолыг сурталчлан дэлгэрүүлсэн хэрэгт буруутгагдан 2012 оны арваннэгдүгээр сард баривчлагдаж 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Харин Тодд Миллерийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Умард Солонгосын хил нэвтрэхдээ хууль дээдлээгүй гэх үндэслэлээр буруутгаж есдүгээр сард чанга дэглэмтэй хөдөлмөрийн лагерьт зургаан жил хорих ял оноогоод байжээ.






















































