“Исламын улс” бүлэглэл Шариатын хуулийн нэрийг ашиглаж, Ирак, Сири эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна. Насанд хүрээгүй охидыг хүчээр гэрлүүлж, хөл хөдөлгөөнийг нь хорьж, хувцас өмсгөлийг нь хүртэл өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сольж байгаа тул Сирийн Курд үндэстнүүдийн эсэргүүцэл, тэмцэл дээд цэгтээ хүрчээ. Мөн эмэгтэйчүүдийн ажиллаж, хөдөлмөрлөн цалин авах, өв хөрөнгө өвлөх эрхийг нь хүндлэхгүй байгааг хүний эрхийн ажиглагчид шүүмжлэв. Сирийн иргэний дайныг далимдуулан олон эхнэртэй болох, 18 нас хүрээгүй охидыг хүчээр гэрлүүлэх явдал газар авч байна. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн наймдугаар сард Иракийн Язидис үндэстний хэдэн мянган охидыг хулгайлж, боол болгон зарсан билээ. Охидыг гэр бүлээс нь тусгаарлаж, дайчидтайгаа хүчээр гэрлүүлэх нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа явдал юм.






















































