Америкийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын үзүүлэх нөлөө улам ихсэж, сүүлийн таван жилийн дотор 260000 ажлын байрыг шинээр бий болгожээ. 2013 онд Америкийн Төрийн албанаас гаргасан мэдээллээр 9,2 сая виз олгосон нь 2010 оныхоос 42 хувиар өссөн үзүүлэлт юм. Америкчууд ийнхүү визний нөхцөлөө хөнгөвчлөх бодлого баримталж, Бразиль, Хятад зэрэг томоохон зах зээлээс жуулчдыг татахыг эрмэлзэх болжээ.
Ерөнхийлөгч Барак Обама АПЕК-ын 22 дахь чуулганаар Бээжинд айлчлахдаа Хятадын иргэдийн жуулчны болон бизнес ангиллын визийг 10 жил хүртэлх хугацаагаар, оюутнуудын визийг 5 жилээр сунгахаар ярилцсан байна. Үүнээс өмнө Хятадын иргэд Америкийн бүх төрлийн визийг жил тутам сунгуулах шаардлагатай байлаа. Америкийн иргэд Хятадад зорчиход хүртэл ийм шаардлага тавьдаг байсан аж. Дээрх нөхцөлийг өөрчилсөнөөр Хятадын иргэдийн Америкт аялах, Америкийн иргэдийн Хятадад аялах боломж нэмэгджээ.




















































