Мексикт өнгөрсөн есдүгээр сард мөргөлдөөний дараа сураггүй алга болсон 43 оюутан амиа алдсаныг тогтоосон билээ. Оюутнуудыг зэрлэгээр хөнөөснийхөө дараа цогцсуудыг нь шатаасан болохыг хууль хяналтын байгууллагууд нотолжээ. Энэ хэргийг мөрдөн шалгаж байх хооронд уурлаж хилэгнэсэн олон нийт Гьерроро мужийн Бүс нутгийн намын төв байранд гал тавьжээ. Мөн Акапулко хотын нисэх онгоцны буудлыг бүслэн хааж байна. Үүнээс гурав хоногийн өмнө тэмцэгчид Мехико хотын Үндэсний ордон руу нэвтрэхийг завдаж, үүдийг нь шатаасан юм.
Цагдаа нар үймээнд оролцож буй хүмүүсийг баривчилсаар байгаа нь жагсаал даамжрахад нөлөөлөв. Оюутнуудын хэргийн үнэн мөнийг олох хүртэл Мексикт үймээн самуун тасрахгүй бололтой.






















































