Мексикт өнгөрсөн есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны амийг нэхсэн жагсагчдын тэмцэл хурцадсаар байна. Өчигдөр Гьерроро мужийн нийслэл Чилпансинго хотын Конгрессын байрыг жагсагчид галдан шатаажээ. Зургаан долоо хоногийн өмнө Игуала хотод болсон бослого, хөдөлгөөний дараа 43 оюутан ор сураггүй алга болсон юм. Мексикийн эрх баригчид энэ хэрэгт холбоотой дээрмийн бүлгийнхнийг баривчилсан бөгөөд тэд оюутнуудыг хөнөөснийхөө дараа цогцсыг нь шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ оюутнуудын цогцсыг таниулж чадаагүй байгаа аж. Энэ жигшүүрт хэрэг улс орон даяар үймээн дэгдэхэд нөлөөлж байна. Алга болсон оюутнуудын ар гэрийнхэн эрэл, хайгуулын ажлыг шуурхай явуулаагүй хэмээн цагдаагийнхныг буруутгав.





















































