Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт энэ онд шинээр барьсан, засаж шинэчилсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр МХЕГ-аас танилцууллаа. Уг шалгалтад төсвийн хөрөнгөөр барьсан 257 барилгаас 239, орон нутгийн болон гадаадын зээл тусламжаар барьж буй 221 барилга байгууламжийг хамруулжээ. Улсын төсвөөс санхүүжсэн 239 барилгаас 19 нь магадлап хийлгээгүй зураг төсөлтэй, 26 нь ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, хугацаа нь дууссан зөвшөөрлөө сунгуулаагүй, 103 нь зураг төсөлд тусгасан материал хэрэглэлгүй, чанаргүй материал хэрэглэсэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, гүйцэтгэгчид нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлгүй, ажлын талбайн зохион байгуулалт хангалтгүйгээс аваар осол гарах нөхцөл бүрдсэн, даацын үндсэн хийц бүтээцийг алдагдуулсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Амгалан дулааны станцын гүйцэтгэгч, БНХАУ-ын "СМЕС" компани нь Монгол Улсын норм дүрэм болон зураг төслийг зөрчиж, станц доторх дулааны шугамын коллекторыг БНХАУ-ын шугам, хоолойгоор угсрахаар оруулж ирсэн байжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































