
Мэргэжлийн сумогийн ертөнцөд онцгой содон амжилтаараа гайхагдаж буй Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Японын энэ оны "Шилдэг шинэ залуу тамирчин"-аар шалгарчээ. Уг шагналыг жил бүр уламжлал болгон Японы “Хочи” сониноос гардуулдаг ажээ. Түүнийг шагнах болсон шалтгаанаа сонины газрынхан “Мэргэжлийн сүмод өнгөрсөн нэгдүгээр сард элсэн орж, 11 дүгээр сард нь Сэкивакэ цолтой болно гэдэг гайхалтай амжилт. Сүмо бөхийн нэр хүнд сэргэн мандахад үзүүлж байгаа нөлөө нь үгээр илэрхийлэхийн аргагүй их юм” хэмээн тайлбарлажээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 18-нд Токио хотноо болно.