
Драмын театрын уран бүтээлчид түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Тус театрынхан өнгөрсөн жил долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байсан. Тэгвэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-нд ардын жүжигчин А.Очирбатын зохиол, Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгээр шинэ оныхоо уран бүтээлийн гарааг эхэлж байна. Энэхүү жүжгээ мөн энэ сарын 23, 24, 25-нд тоглох юм байна. Харин Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 7-нд захиалгаар “Тамгагүй төр” түүхэн жүжгийг нэгдүгээр сарын 18, 30-нд тоглох аж. Харин хүүхэд багачууддаа зориулж “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг энэ сарын 31-нд 11.00 цагаас тоглохоор болжээ.