
Авто, мотоспортын “Дакар ралли” уралдаан нээлтээ хийлээ. Энэ удаагийн уралдаанд Монголын баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготойгоор нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 35 жилийн түүхт уралдаанд эх орноо төлөөлөн ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж авто машины төрөлд өрсөлдөж байна. Тэд 431 дугаартай жийпээр уралдаж байгаа юм. Тэгвэл 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт нар анх удаа Дакар раллид хурд сорив. Харин мотоциклийн төрөлд ОУХМ Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар уралдааны замд гарлаа. Уралдаан Аргентин, Болив, Чили улсын нутгаар дамжин буцаад Аргентин барианд орохдоо нийт 9200 км замыг туулна. Дакар ралли энэ сарын 17-нд өндөрлөнө.