Ази тивд амьдарч буй өнөө цагийн 830 сая эрчүүд бүгд дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хаан зэрэг хүчирхэг 11 удирдагчийн үр хойч гэдгийг генетикийн судалгаагаар нотолжээ. Лестерагийн их сургуулийн судлаачид орчин цагийн 127 улсын 5000 эрийн ДНК-г судлахад 37,8 хувь нь дээрх 11 удирдагчийнхтай таарч байгаа ажээ. Эдгээр хүчирхэг эрчүүдийн Y хромосом Азийн өнөөгийн эрчүүдийг бий болгосон юм. “Dailymail” сонинд онцолсоноор тэдгээр хүчирхэг хүмүүсийн тоонд Монголын Чингис хаан, Хятадын Чин гүрний удирдагч Циокангга, Киданы их хаан, Лиао гүрний эзэн хаан Тайзу нарыг багтаажээ. Судалгааны ажлыг удирдсан генетикч Марк Жоблин “Нийгэмд дээгүүр байр суурь эзэлдэг, өндөр бүтээмжтэй суут эрчүүдийн үр тогтоох чадвар сайн байдаг. Алтайн язгуурын хэлээр ярьдаг, нүүдэлчин угсаатнуудын Y хромосом үеэс үед хялбархан дамжиж ирсэн нь улс төрийн зохион байгуулалт, мал аж ахуйд суурилсан хүчирхэг эдийн засгаас нь харагдана” хэмээн ярьжээ.

Профессор Том Робинсоны хэлж буйгаар Хар Тэнгисийн орчим дахь Кавказаас хааны үр хойчууд цөөнгүй байгаа ажээ. Мөн Циокангга хааны гень орчин үеийн Монгол, Хятад хүмүүсээс түгээмэл илэрдэг гэнэ.
Хэрэв Чингис хааны булшийг олвол дэлхий дээр амьдарч буй сая сая хүмүүсийн гарал үүслийг олж тогтоох генийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Их Британийн “Wellcome Trust Sanger” хүрээлэнгийн генетикч Крис Тайлер-Смит “Тэдгээр хүмүүсийн холбоо үнэхээр гайхалтай. Чингис хааны булш энэ бүхний зангилааг тайлах учиртай” хэмээн “Nature” сэтгүүлд ярьжээ.






















































Сэтгэгдэл (13)