Сар шиний баяр дөхөөд ирэхээр сүлжээний буюу залилангийн хэргүүд ар араасаа гардаг нь нууц биш. Ахмадууд болоод мэдээллээс арай хол байдаг хүмүүсийг залилагч этгээдүүд хуурч дөнгөдөг. Ингэснээр хэдэр арван хүн хохирогч болж үлддэг байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийг хуурч мэхлэх замаар гишүүнчлэлд элслүүлж тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө авч залилдаг хэргүүд манай нийгэмд байсаар байгаа юм. Тухайлбал, энэ сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн оффист иргэдийг залилаад байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу шалгалтын ажиллагааг хийхэд Баянзүрх дүүргийн 12-р хороонд оршин суух 26 настай Д гэгч эмэгтэй “пирамид” гэх гэмт хэргийн шинжтэй сүлжээний ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст уг хэргийг шалгаж байна.
Холбогдох албаны хүнээс уг хэргийн талаар тодруулахад “Хэчнээн хохирогч байгаа нь тодорхойгүй. Гагцхүү хохирогч болоод хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа” гэлээ.
Дээрх эмэгтэйн хувьд иргэдээс 120 мянган төгрөг хурааж залилан үйлдэж байгаад ийн баригджээ.
Юутай ч богино хугацаанд иргэдийн мөнгийг арвижуулах нэрийдлээр хуурч мэхэлж байсан уг эмэгтэйг саатуулаад байна. Тиймээс ийм төрлийн гэмт хэргээс сэрэмжилж, гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдвал харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)