Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төрийн есөн хөлт цагаан туганд төрийн гурван өндөрлөг хүндэтгэл үзүүлж, төрийн их золголт хийсний дараагаар төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай. Энэ жилийн төрийн золголтод Г.Дашзэвэг, У.Доржпалам, Д.Долгоржав, П.Лувсандорж, С.Хойлог, П.Шагдарсүрэн, М.Дэнсмаа, Д.Доржнамжим, Д.Гаамаа нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардууллаа. Эдгээр азай буурлуудаас П.Шагдарсүрэн гуай өдгөө 98 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай нь байлаа.
























































