
Архангай аймаг, Цэнхэр сум- “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд Архангай аймгийн Цэнхэр суманд жилд 1.5 сая ширхэг шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий механикжсан мод үржүүлгийн газар байгуулахаар 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр барилгын ажлын шавыг тавилаа.

Баруун бүсэд ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацын тогтвортой нийлүүлэлт хангалтгүй, мод үржүүлгийн байнгын үйл ажиллагаа явуулдаг суурь бааз цөөн байдаг тул шинээр байгуулагдах мод үржүүлгийн газар нь модны тарьц, суулгацын тогтвортой нөөцийг бүрдүүлэх, бүс нутгийн ойжуулалтын бодлогын хэрэгжилтийг бодитоор дэмжих ач холбогдолтой.
Цаашлаад, орон нутагт ажлын байр бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжих бодит хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Мод үржүүлгийн газрын шавыг тавих үеэр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид:“Архангай аймаг болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагаа энэ төслөөр эхэлж байна. Ойн салбарт хэрэгжүүлж буй орон нутгийн бодлого, шийдвэрийг хувийн хэвшил аваад явж байгаа нь мэргэжлийн боловсон хүчин болон, техник төхөөрөмжийн нөөц бололцоо асар дутагдалтай байгаа энэ цаг үед маш чухал ач холбогдолтой юм. Цаашлаад, ч Архангай аймагт ургуулсан тарьц суулгацыг баруун бүсийн аймгуудад нийлүүлэх хүчин чадалтай байгууламж бий болж байгааг онцлууштай.”

“Оюу толгой” компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд: “Манай компанийн байгуулж байгаа 6 дахь мод үржүүлгийн газар хангайн бүсэд баригдах гэж байна. Уг мод үржүүлгийн газар нь тухайн бүс нутгийнхаа цаг уур, орчинд дасан зохицсон үрээр мод үржүүлэх, амьдрах чадвартай, хямд үнэтэй тарьц суулгацын нөөц бүрдүүлж Хангайн бүсийн ойжуулалтад ашиглах, орон нутагт ажлын байр бий болгох зэрэг чухал ач холбогдолтой юм” хэмээн онцолсон юм.
Оюу толгой” компани уг төслийн барилгын зардал болон эхний хоёр жилийн үйл ажиллагааны санхүүжилтийг бүрэн хариуцах бөгөөд мод үржүүлгийн газрын барилга угсралтын гүйцэтгэл, ашиглалт, цаашдын үйл ажиллагааг Архангай аймгийн "Цэцэрлэг Мандал Ар" ХХК хариуцна. Төслийн хугацаанд Архангай аймагт нийт 60 га талбайд шилмүүст модны суулгацаар ойжуулалт хийх юм.

Энэхүү хөрөнгө оруулалт нь баруун бүсийг ойжуулахад шаардлагатай тарьц суулгац тогтвортой нийлүүлэх, мод үржүүлгийн байнгын үйл ажиллагаа эрхлэх суурь бааз өнөөг хүртэл цөөн, хангалтгүй байсаар ирсэн асуудлыг шийдвэрлэх төсөл болж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нь 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөө хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэрвэй суманд тус тус жилд 500 мянга, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад тус тус жилд 250 мянган тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулаад байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна.























































Сэтгэгдэл (1)