Нийслэлийн онцгой байдлын газар болон дүүргийн онцгой байдлын газрууд энэ сарын 23-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Зарим аймгийн нутгаар цасан шуурга ихээр шуурснаас болж зам даваа боогдон, цасанд машин суусан дуудлага их байгаа тул Онцгой байдлын аврах ангийнхан дуудлага ихтэй байна.Түүнчлэн өнгөрөгч гурван хоногт гал түймрийн дуудлага нэлээдгүй ирсэн байна. Шинийн 1-ний өдөр буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлд гал түймрийн зургаа, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байжээ.
Харин шинийн 2-ны өдөр гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 8 дугаар гудамж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 3 дугаар хэсэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт тус тус айл шатжээ.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас гэрээ орхин гарахдаа цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтраасан эсэхээ сайтар шалгаж байхыг анхааруулж байна.





















































