"Босоо Хөх Монгол" бүлгэм, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнөөс дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн 13 хоногийн турш өлсгөлөн зарлаж “Урт нэртэй хуульд” өөрчлөлт оруулах болон Ноён уулыг стратегийн орд болгохыг эсэргүүцэж байсан. Харин тэднийг өнгөрсөн шөнө цагдаагийнхан албадан эмчилгээнд хамруулж, өлсгөлөнг нь зогсоосон юм.Тэд өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага өлсгөлөнгийн үйл явцыг зогсоохдоо тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд гэм буруугүй байхад хүч хэрэглэн албан хүчээр тараасан гэж үзэж байгаа аж. Мөн тус хөдөлгөөний гишүүн О.Цэрэннадмид хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ард иргэдийн дунд буруу мэдээллийг албаар тарааж байна. Бид мөнгө авч өлсгөлөн зарласан зүйл байхгүй. Хэрэв захиалагч нь хэрэгтэй, байх ёстой юм бол тэр хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ "Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье" гэж хэлсний дагуу уг тэмцэл явагдаж байгаа” гэсэн юм.
Хэдийгээр хуурай өлсгөлөн зарлах үед албадан эмчилгээнд хамруулсан ч гэсэн тус бүлгэм цаашдаа Ноён уулаа аврахын тулд шат дараалсан олон арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм. Мөн ирэх сарын 1-нд Чингисийн талбайд 12:00 цагт цуглах болсон талаараа мэдэгдсэн. Энэ цуглаан нь ямар нэгэн үймээн самуун дэгдээх зорилгогүй тэднийг дэмждэг урлагийнхан ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ гэлээ.
Ингээд “Босоо хөх Монгол” бүлгэм хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Яг одоогийн байдлаар олон нийтийн дунд танай хөдөлгөөнөөс өлсгөлөн зарласан нь цаанаа захиалагчтай байсан гэх зүйл маш их яригдаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Алт, ам.доллар биш болохоор хүн болгонд таалагдах алба байхгүй. Миний нутаг оронд очоод Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн захиасыг өгсөн. Түүний дагуу энэхүү хөдөлгөөний өрнүүлж байгаа юм. Тиймээс заавал захиалагч байх ёстой юм бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө захиалагч нь болох ёстой.
-Гадуур та бүхний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа гэдэг зүйл ч гэсэн яригдаж байна?
-Бид Н.Энхбаяртай ямар ч холбоо байхгүй. Уулзаа ч үгүй. Худлаа ташаа мэдээлэл тараасан цаад хүнийг нь олж асуусан нь дээр байх. Ноён уулыг бүгд мэдэж байгаа. Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Ингэснээр 247 лиценз эргэлтэнд орох боломжид хүрч байна.
-Ноён уулын орд газар руу томоохон компани оруулж ирэхийг эсэргүүцээд өөрсдөө буюу хэлж заншсанаар “Нинжа” нар өөрсдөө тус ордыг ухах гэсэн далд санаатай байгаа гэх юм?
-Бид тэр яриад байгаа “Нинжа” гэдэг зүйлийг огт мэдэхгүй, танихгүй. Бид эх орноо гэсэн сэтгэлээр энэ зүйлийг хийж яваа улс.






















































Сэтгэгдэл (7)