Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахыг зогсоох тухай захидал Интерполд илгээж байсан юм. Түүний уг үйлдлийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж буруутган шалгаж, шүүхээс ялласан юм. Шүүх түүнд улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, 11 сая 520 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг шүүх гаргасан байдаг.Тэгвэл түүнийг улсад учруулсан хохирлоо төлөхгүй бол хилээр гарах эрхийг нь хаана гэж сануулжээ. Энэ асуудалд тэрбээр “Хяналтын прокурортой уулзахад торгуулийн ялаа цаг хугацаандаа төлөхгүй бол хорих ялаар дүйцүүлж солино гэдгийг анхаарууллаа. Уг нь би шийдвэр гүйцэтгэгчдээ бөөнөөр нь төлөхөд арай л амжихааргүй байна, сар бүр хэсэгчлээд төлье гэсэн хүсэлт тавьсан. Улмаар 2 сая төгрөг тушаачихсан байгаа. Цагаан сар гэх мэтээр амьдралын шаардлагаар мөнгөний бололцоогүй үе таарч байдаг. Гэтэл болдоггүй номтой юм байна. Огт төлөхгүй гэж гүйрийхгүй л дээ. Төрийн нэрийн өмнөөс түсхийтэл өгсөн шүүхийн шийдвэр хойно. Тэгэхдээ хаа сайгүй хямрал болоод мань мэтийн ядуу буурай иргэн байтугай том компаниуд нь өр төлбөрөө өгөхгүй гүрийцгээгээд байгаа учрыг бас бодмоор юм. Гэтэл манийн хэдэн төгрөгний торгууль битгий хэл 35 тэрбум төгрөгний торгууль улсад төлөх ёстой улсууд нь уучлагдаж өршөөгдөөд, баяр хөөр болоод байхаар бас л тиймэрхүү санагдах юм. Одоо бас хилээр орох, гарах эрхийг хаана л гэж байна лээ. Журам нь тийм байдаг юм гэнэ. Тэгэхээр 35 тэрбум зувчуулсан гадаад нь гэртээ харьчихдаг мань мэт нь Эрээн, Улаан-Үүд гарч ганц нэг хэрэгцээтэй эд хогшилоо цуглуулж болохгүй болчихдог бас муухай байна шүү. Ажил төрөл хийе гээд ганц нэг зарласан газар анкет бөглөхөөр “ялгүй байх” гэдэг шаардлагыг тавьчихсан байдаг. Улсад ажиллаж болохгүй, хувьд ажиллаж болохгүй, хуульчаа хийж болохгүй би, улс төрийн албан тушаал хашиж болохгүй, гадагшаа гарч болохгүй Монгол улсын иргэн би хаачнам, хаанаас мөнгө олж торгуулиа төлнөм” гэсэн юм.
Ер нь Монгол Улсад тэнсэнгээр суллагдаж байгаа иргэдэд ч бүх юм хаагдмал болж байгаан нэг тод жишээ энэ. Учир нь ялтай байдал гэдэгт хамаарагдсан хүн ялаа эдэлж дууссан ч гэсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн бол найман жилийн хугацаанд банкнаас зээл авч болохгүй. Гучаад төрлийн мэргэжлийн ажил хийж болохгүй. Үндсэндээ эрх хасах ялнаасаа илүү шийтгэл болж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Угтаа эрх баригчид ялтай байдал гэдгээсээ болж ялаа эдэлж, хуулиа хэрэгжүүлсэн амьдралаараа хохирч байгаа хэдэн мянган хүн байгааг судалж үзэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, ялтай байдлаасаа болж олон мянган хүн гэртээ суухаас өөр аргагүй болж хувирч байгааг бодолцож үзэх шаардлага урган гарч байна. Мэдээж ялтай хүмүүс дотор санамсаргүйгээр, хэн нэгэний ятгалаг, гүжирдлэгээр ял авсан хүмүүс олон байгаа шүү дээ.
Энэ мэт амьдралаас хол хөндий, зөвхөн хуулийн талд дүрэм журам гаргасан нь иргэдийг хохироож байгаа юм. Э.Эрдэнэжамъянгийн хувьд ч “Хуульчид журам боловсруулвал ерөөсөө л гадагшаа явбал тэр чигтээ явчих вий, мөнгөө төлөхгүй зугтчих байх гэсэн хандлагаар хатуурхдаг. Цаана нь хүний амьдрал байгааг ойлгох дургүй. Өөрөөр хэлбэл, хуулийг хүнээс дээгүүр тавьдаг” хэмээн онцолжээ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (5)