
Өндөр гэгээн Занабазар нь төр-шашны нэрт зүтгэлтэн төдийгүй дундад зууны үеийн монголын үндэсний соёл урлагийг нэгэн үе гоо зүйн танигдашгүй өндөрлөгт хүргэж чадсан уран зураач, уран барималч, оточ, хэл шинжээч, яруу найрагч зэрэг тэнгэрлиг авьяас билигтэй хосгүй нэгэн байсныг гэрчлэх дахин давтагдашгүй урлагийн хосгүй бүтээлүүд үзэгчдийн мэлмийг мялаасаар байгаа билээ. Монгол хүний урлахуйн их эрдэм ухаанаар туурвин бүтээгдэж, он цагийн шалгарлыг даван туулсаар бидэнд уламжлагдан ирсэн түүх, соёлын дурсгалт зүйлсүүдээрээ дамжуулан монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны түүхийг сурталчлан таниулах, улмаар тэдгээрийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм хүндтэй үүргийг музейн ажилтнууд хүлээдэг юм. Эл номдоо 17 дугаар зууны үеийн монголын урлаг соёлын хөгжил дэвшил тэр дундаа хүрэл цутгамлын суурь урлаг хөгжлийнхөө өндөр төвшинд хүрснийг харуулах Өндөр гэгээний өөрийн мутраар урлан бүтээсэн алдарт бүтээлүүдийн тухай, бурхадын мутрын зангаа, барьц зэргийн тайлбар болон төвд хэлээр бичигдсэн Занабазарын намтрыг багтаажээ.
Номын нээлт өнөөдөр 11.00 цагт Монгол төрийн түүхийн музейд болно.