Киргизстаны хамгийн том алтны уурхай болох Kumtor-ыг эзэмшдэг “Сентерра
Голд” компаний 1400 ажилчин өчигдөр ажил хаялт зарлажээ. Ажилчдын цалин
болон нэмэгдэл хөлсийг хасч, ажилчдын нийгмийн асуудалд ямар ч мөнгө
хөрөнгө гаргахгүй байгааг тэд эсэргүүцэж байгаа юм.


Киргизстаны хамгийн том алтны уурхай болох Kumtor-ыг эзэмшдэг “Сентерра Голд” компаний 1400 ажилчин өчигдөр ажил хаялт зарлажээ. Ажилчдын цалин болон нэмэгдэл хөлсийг хасч, ажилчдын нийгмийн асуудалд ямар ч мөнгө хөрөнгө гаргахгүй байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. Мөн 2012 оны эхнээс орон нутгийн ажилчдад зориулсан нийгмийн фонд үүсгэж, халамжийн мөнгө өгнө гэж гэрээ хийсэн ч биелүүлээгүй аж. Өнгөрсөн долоо хоногт ажилчид үндсэн цалинг гурван хувиар нэмж, нэмэлт цалинг өсгөх шаардлага тавьсан ч “Сентерра Голд”-ын удирдлагууд хүлээж аваагүй байна.
Kumtor уурхайд орон нутгийн иргэдээс гадна Казахстаны цагаач иргэн олноор ажилладаг. Энэ уурхайн 33 хувийг Киргизстаны Засгийн газар эзэмшдэг юм. Өнгөрсөн жил гэхэд энэ компани 583 156 унци алт олборлосон байна. Харин энэ жил 575 000-625 000 унци алт олборлохоор төлөвлөжээ. Тиймээс ажилчид нь уурхайн үйл ажиллагааг зогсоосноор “Сентерра Голд” багагүй алдагдалд орж байгаа юм. Ажилчдын холбоо тэдний шаардлагыг биелүүлэхээс нааш ажилдаа орохгүй гэж мэдэгдээд байна.
“Сентерра Голд” нь Монголын Бороогийн ордод алт олборлодог. Монголын уурхайгаас өнгөрсөн жил 642 380 унци алт гаргаж авсан бол энэ жил 635-685 мянган унцийг олборлоно хэмээн төлөвлөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.